Шүүгчдэд нийгмийн мэдрэмжтэй байхыг санууллаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Ерөнхийлөгчид гомдол хүлээн авч шүүгчдэд хуваарилдаг программ шинэчлэгдсэн. Эрүүгийн хууль шинэчлэгдэж батлагдахаар шинэ программын дагуу давж заалдах гомдлын дагуу хэрэг хэн нэгний оролцоогүйгээр шүүгчид шууд хуваарилагдана. Мөн хэргийн оролцогчид хэргийн талаарх мэдээллээ онлайнаар авах боломжтой болно гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. Шүүх хуралдааны бичлэг хийж архивт хадгалдаг. Хэргийн оролцогч, судлаачид шаардлагатай бол дүрс бичлэгийг хуулбарлаж авах боломжтой болсон нь шүүхийн шинэтгэлийн нэгэн үр дүн гэдгийг шүүх хуралдааны үйл явцыг олон нийтэд зориулсан танхимаас үзэж байхдаа Ерөнхийлөгч онцолсон юм.

Монгол Улсын 115 шүүхэд шүүх хуралдааны бичлэгийг хийж, архивт хадгалдаг болсон нь шүүхийн шинэтгэлийн үр дүн аж. Ерөнхийлөгч "Нээлттэй шүүх” танхимд дохионы хэлний хэлмэрч орчуулагч, өмгөөлөгч, хяналтын прокурортой ярилцлаа. Тэрбээр "Программын дагуу хэргийг шууд шүүгчид хуваарилдаг болсноор энэ хэргийг тэр шүүгчээр шийдүүлнэ гэх зэрэг яриа, хардлага байхгүй болно. Тусгай зааланд суугаад шүүх хуралдааны үйл явцыг үзэх боломж бас бүрдсэн. Шүүх нээлттэй болж байгаагийн бас нэг хэлбэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхийн тулд хэлмэрч ажиллуулж байна. Гэх мэтчилэнгээр шүүх хүндээ ойртож байна. Энэ үйл явц цаашид улам бүр боловсронгуй болно” гэж ярьсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачилгаар байгуулсан шүүх хуралдааны жишиг танхимыг Ерөнхийлөгчид танилцуулахдаа "Энэ жишиг танхим дэлхийн жишигт нийцсэн. Танхимын талбайн гуравны нэг нь олон нийтэд зориулагдсан нь Монгол Улсын шүүх нээлттэй болсныг харуулж байгаа юм. Танхим гурван хаалгатай. Нэг хаалгаар шүүх бүрэлдэхүүн, нөгөө хаалгаар хэргийн оролцогч, гурав дахь хаалгаар шүүх хуралдааныг сонирхох олон нийт орно” гэж Н.Лүндэндорж дарга ярилаа.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны талаар Ерөнхийлөгчид мэдээлэл хийсэн юм. Иргэний хэргийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд дагнасан шүүх үйл ажиллагаа явуулж, иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажил шүүхийн ачааллыг багасгахад дөхөм болж байгааг тэрбээр танилцууллаа. 2013 оноос дагнасан шүүх байгуулагдсанаар хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх процесс зэргээр шүүгчид нарийн мэргэшиж тэр хэрээр иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлж, шүүхийн алдаа буурч байгааг Ж.Оюунтунгалаг шүүгч судалгааны үндсэн дээр тайлбарласан юм.

Давж заалдах шатны шүүхээс хорих 461 дүгээр ангитай онлайнаар холбогдож шүүх хуралдаан явуулах боломжтой шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлтэй Ерөнхийлөгч танилцсаны дараа Монгол улсад хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийн талаархи байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Шүүхийн шинэтгэл амжилтад хүрч байгаагийн гол учир нь ойлголцол

Тэрбээр "Шүүхийн тухай багц хууль дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа. Монгол Улс даяар шүүх эрх мэдлийн байгууллагад өрнөж байгаа шинэтгэлийн багахан хэсгийн тухай ярих гэж байна. Дотоодын болон олон улсын бие даасан байгууллагууд Монголд шүүхийн шинэтгэл хэр явагдаж байна вэ, шүүхийн хараат бус байдал ямар байгаа вэ, иргэдийн зүгээс шүүхэд итгэл итгэл хэр нэмэгдэж байна гэх зэрэг судалгааг явуулдаг. 2008, 2009 онд хийсэн судалгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 20 орчим хувьд эргэлддэг байлаа. Харин одоо хараат бус судалгааны дүнгээр шүүхэд итгэл итгэлийн хувь гурав дахин нэмэгджээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэл 50-60 хувьд хүрч байгаа нь шүүхийн шинэтгэл үр дүнд хүрч байгааг харуулж байгаа юм. Шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэл амжилтад хүрч байгаагийн гол учир нь ойлголцол. Иргэд хууль, шүүхийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй, хийх ажил их байна гэдгийг их ярьдаг байсан. Иргэдийн энэ санал, хүсэлт маш чухал байсан. Тиймээс ард иргэд болон шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын ойлголцол сайн байлаа. Мөн хууль тогтоогчид, шүүхийн байгууллага, Ерөнхийлөгчийн ойлголцол нэг түвшинд хүрч чадсан учраас бидний ажил их сайн явж байгаа” гэв.

 

Монгол Улс шүүхийн шинэтгэлийн амжилтаасаа цаашид ухрахгүй гэдэгт итгэлтэй байгаа

Ерөнхийлөгч "Шүүхийн шинэтгэл хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол шүүгчид, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс. Мөн хэргийг илрүүлэхийн төлөө явдаг хуулийн байгууллагынхны бодитой үйл ажиллагаа энэ амжилтын гол алхам болсон. Тиймээс Монгол Улс энэ амжилтаасаа цаашид ухрахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Энэ амжилт зөвхөн шүүх эсвэл улстөрчийн амжилт биш болсон. Шүүхийн шинэтгэл ард иргэдэд нэгэнт хүрчихсэн. Иргэн шүүхийн танхимд орж ирээд үйлчилгээ авдаг болсон. "Шүүх үйлчилгээ үзүүлдэг, нээлттэй болжээ. Шүүх өөрчлөгджээ” гэдэг ойлголт иргэдэд бий болсон. Малыг нь хувьчилаад өгчихсөн, эргүүлээд нэгдэл байгуулах боломжгүй гэдэгтэй адил хүн эрхээ мэдрээд эдлээд эхлэхээр тэр амжилтаас буцах аргагүй болдог. Энэ утгаараа шүүхийн шинэтгэл буцах аргагүй” гэлээ.

 

Хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд шүүгчдийн баталгааг хүлээн зөвшөөрдөг болсон

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд "Шүүхийн захиргааны байгууллага, шүүн таслах ажиллагаа хоёрыг салгасан. Өмнө нь Ерөнхий шүүгч шүүгчээ шалгаруулах, цалин мөнгөнийх нь асуудлыг шийдвэрлэх гэх мэтчилэн бүх асуудлыг шийддэг байсан. Шүүхийн захиргааг шүүгчээс салгасан нь амжилт. Цаашид улам бүр боловсронгуй болгох шаардлага байна. Сонгуулийн дараа төрийн байгууллагад халаа сэлгээ явагддаг харамсалтай жишиг тогтсон. Гэхдээ сонгууль боллоо гээд шүүх эрх мэдэлд ямар нэгэн өөрчлөлт ордоггүй болсон. Шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгосны сайн тал үүн дээр харагдаж байгаа. Шүүгчээ халаад эхэлбэл энэ улсад залгамж чанар байхгүй болно. Төрийн залгамж чанар тогтох эцсийн цэг нь шүүхэд байна. Шүүхээсээ үлгэр жишээ авах хэмжээнд хүрсэн байгаа нь зөв хэлбэр гэж харж байгаа. Шүүгчийн хариуцлага нэмэгдүүлэх, хариуцлага нэхэхийн тулд цалин хангамж нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шат дараалан шийдэх гэж оролдож байгаа. Эдийн засаг, төсөв хүндрэлтэй байгаа нөхцөл бий. Гэхдээ олон хүний цалинг нэмдэггүй юм гэхэд хүний хувь заяаг шийддэг шүүгчдийнхээ хариуцлагыг дээшлүүлэхийн тулд цалингийн асуудлыг нь шийдье гэсэн юм. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч УИХ-ын түвшинд шүүгчдийн цалин, нийгмийн асуудлыг хөндөөгүй нь улс төрийн хувьд, хууль тогтоох байгууллага, бүх хүрээнд баталгаа гарч ирснийг харуулж байгаа сайн хэлбэр юм. Бүр түвшиндээ шүүгчдийн баталгааг хүлээн зөвшөөрч байна” гэж ярилаа.

Шүүхэд нөлөөлөхийн оролдвол хариуцлага хүлээдэг болсон

Ерөнхийлөгч цааш нь "Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон. Шүүх хуралдааны өмнө тодорхой асуудлаар шүүгчид нөлөөлөх, хараат бус байдлыг нь бууруулах гэж оролдсон бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг хэлбэр рүү орсон. Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлж байна, өндөр албан тушаалтай, мөнгөтэй төгрөгтэй хүмүүс шүүгчид нөлөөлдөг гэх ойлголтоос салах гэж оролдож нөлөөллийн мэдүүлгийг нэг хэрэгсэл болгосон” гэв.

 

Шүүх иргэдэд үйлчилдэг байгууллага болж хувирч байна

Нээлттэй шүүхийн талаар Ерөнхийлөгч "Шүүх иргэдэд нээлттэй болж байгаагийн сайн талыг сая бид харлаа. Шүүх иргэддээ үйлчилдэг байгууллага болж хувирч байна. Шүүх иргэний эрхийг хамгаалдаг байгууллага гэхээр зарим хүн ойлгодоггүй. "Шүүх хүнийг торгодог, шийтгэдэг байгууллага шүү дээ” гэдэг. Хууль зөрчөөд шүүхээр асуудлаа шийдүүлэх гэж орж ирж байгаа хүмүүсийн тоо Монгол Улсын хүн амын арав хүрэхгүй хувьтай дүйцэх байх. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож байна гэдэг бол үлдсэн 90 хувийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Иргэн шүүхийн хаалгаар орж ирэхэд л тосч аваад уулзах хүнтэй, өргөдлийг нь хүлээгээд авдаг, суулгах сандалтай болсон нь чухал. Шүүхийн шийдвэртэй видеогоор, цаасан дээр буулгасан байдлаар танилцах боломжтой болсон нь эргээд шүүхийг хариуцлагатай болгож байгаа юм. Шүүгчийг зөвхөн цалингаар нь дамжуулж хариуцлагатай болгож байгаа биш. Үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгосон хариуцлага нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болж байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл бичиж байна гэхэд л хэргийн оролцогчид ширээн дээрээсээ дэлгэцээр давхар хянаж байна. Мөн тэр нь дүрс бичлэгт, цаасан дээр үлдэнэ. Зөвхөн нэг л ажлыг дурьдахад маш том дэвшил гарсан нь харагдаж байгаа юм. Шүүх хуралдаан болж байхад бүх хүнийг шүүх танхимд авчрах боломжгүй. Зарим нь хорих танхимд байж байдаг. Хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн тэндээсээ цахимаар шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэг өгч байгаа нь маш том дэвшил. Хөдөө орон нутгаас шүүх хуралдаанд биечлэн оролцож чаддаггүй байсан. Харин техникийн дэвшлийг ашиглаад онлайнаар шүүх хуралдаандаа оролцож байна. Зөвхөн шүүх танхимд цуглах биш шүүхээр шийдвэрлэж байгаа дөрвөн хэргийн нэг нь техникийн дэвшлийг ашиглаад асуудлыг шийдэж байгааг сая танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэлмэрч авчраад үйлчилж байгааг та бүхэн сая харлаа. Энэ мэтчилэн шүүх улам бүр хүндээ ойртож, хүнлэг болж байгаагийн илрэл” гэв.

 

Шүүхэд гарч байгаа олон өөрчлөлтийг иргэд ярьж байна

Шүүхийн шинэтгэлийн талаарх иргэдийн байр суурийг Ерөнхийлөгч "Шүүхэд гарч байгаа олон өөрчлөлтийг иргэд ярьж байна. Архангай аймгийн малчин өвгөн уул уурхайн компанитай маргалдаж шүүхэд 9 удаа ялалт байгуулсан талаараа "Шүүх шударга болжээ. Мөнгөтэй компанийн талд биш малчин миний талд шийдвэрээ гаргаж, эрхийг минь баталгаажууллаа” гэж ярьсан байсан. Мөнгөтэй, албан тушаалтай байдалд автдаг хандлага шүүхэд алга болж байгаа. Шүүгчид хариуцлагаа сайн ойлгож байгаагийн нэг хэлбэр энэ. Хуульд юу гэж бичсэн байна түүнийг биелүүлэхийг л шударга ёс гэж нэрлээд байгаа. Түүнийг хийдэг хүмүүс шүүгчид. Иргэдийн амьдралд хамгийн их тулгамдсан асуудал юу байна, юу таныг бухимдуулж байна гэж найман жилийн өмнө асуухад "Шүүх, хууль хяналтын байгууллагын шударга бус байдал” гэж олонхи нь хариулдаг байсан. Одоо бол тийм жагсаалтын эхэнд шүүх гарч ирэхээ больсон. Энэ бол Монголын ард түмний нийтийн ололт юм” гэлээ.

 

Эвлэрүүлэн зуучлалыг захиргаа, эрүүгийн хэрэгт хэрэглэх нь зөв

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар Ерөнхийлөгч "Шүүхэд гарсан нэг том өөрчлөлт бол Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлсэн хэлбэр маш сайн болсон. Шүүхээр орж байгаа иргэний таван хэргийн нэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байгаа нь том үр дүн. Цаашид эвлэрүүлэн зуучлалыг захиргаа, эрүүгийн хэрэгт хэрэглэх нь зөв. Долоон мянган хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдсэн байна. Цаашид шинэ хууль батлагдвал эрүүгийн хөнгөн гэмт хэрэг эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэх боломжтой. Захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлал маш их хэрэгтэй байгаа нь ч харагдаж байна” гэж ярьсан юм.

 

Шүүхийн шинэтгэлийн шүншиг нь буцаан татагдсан таван хууль

УИХ буцаан татсан таван хуулийн талаар Ерөнхийлөгч "Шүүхийн шинэтгэлийн агуулга болсон гол хуулиуд батлагдахгүй болохоор гэрээ барьчихаад бурхнаа бүтээчихсэн, шүншигээ хийж чадаагүйтэй адил болчихоод байгаа юм. Шүүхийн шинэтгэлийн шүншиг нь тэрхүү таван хууль. Эрүүгийн хэрэг гэж юуг хэлэх юм, зөрчлийн хэрэг гэж аль нь байх юм, энэ асуудлыг яаж шийдэх юм гэх мэтчилэн бүх үйл явцыг хуульчилж өгч байгаа. Бүх хэрэг гэж үздэг байсныг 340 төрлийн зөрчлийг зааж өгсөн. Хүнийг заавал гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг байдлыг засах гэж Зөрчлийн хуулийг гаргасан. Яг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх 240 зүйл ангийг Эрүүгийн хуульд тусгасан. Ингэж ялгаад өгчихөөр ямар буруу зүйл хийвэл зөрчил эсвэл гэмт хэрэг болох вэ гэдэг ойлголтыг иргэд авна. Үндэслэлгүй хорилоо, цагдлаа гэдэг асуудал хуулийн байгууллагад байнга яригддаг. Иргэдийг хорьж, цагдахийг би хувьдаа эсэргүүцдэг. Хуулийн байгууллагынханд зовлон бий. Гэхдээ ямар тохиолдолд хорьж цагдах вэ гэх зэрэг асуудлыг Процессын хуульдаа тусгасан байсан. Нэг иргэний эрх зөрчигдлөө гэхэд таван хуулиа баталж өгөөч гэж шаардаж баймаар байна. УИХ-ын дарга таван хуулийн нэрийг жагсаагаад энэ намрын чуулганаар батална гэсэн зорилт тавьсан байна лээ. Би хувьдаа түүнийг дэмжиж байгаа. Энэ хуулиудаа баталчихвал шүүхийн шинэтгэл агуулгын хувьд 70 хувь руугаа явна. Агуулга нь шинэчлэгдэж чадаагүй байгаа шүү. Олон нийт тэр таван хуулийг батлуулахын тулд хамтарч чадвал нийтийн амжилт болно гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Эдийн засаг хүнд байгаа ч шударга ёсны төлөөх алхамд ухралт хиймээргүй байна

Ямар ч зүйлд төгс төгөлдөр шинж байхгүйн адилаар шүүхийн шинэтгэл эцэс төгсгөлдөө хүрч төгс болно гэж байхгүйг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод "Бидний үед шийдэх боломжтой асуудлыг хойш тавилгүйгээр шийдье” гэсэн юм. Олон улсын байгууллагын дүгнэснээр Монголын шүүхийн шинэтгэл эрчимтэй сайн явж байгаа нь хамтын ажиллагааны ололт. Эдийн засаг хүндрэлтэй байгаагаас хасах, танах зүйл гарах байх. Гэхдээ шударга ёсны төлөө хийж байгаа энэ алхам дээрээ ямар ч улс төрийн хүчин, хэн ч бай ухралт хиймээргүй байна. Мөнгө шаардахгүй ажлыг урагшлуулаад явах хэрэгтэй. Таван хуулийг батлахад аль нэг улсаас зээл авах шаардлагагүй. Энэ салбарт иргэдийн итгэл бий болж, олон улсад Монгол Улсын нэр хүнд өсөөд ирвэл хөрөнгө оруулалт татах нөхцөл болно гэдгийг би байнга ярьдаг. Монголын асуудал Лондонгийн шүүхэд биш, Улаанбаатарт шийдэгддэг байх ёстой. Хүмүүс гадны шүүхэд итгэж хандах биш улсынхаа шүүхэд итгэж асуудлаа тавьдаг, түүнийг хуулийн дагуу шийддэг чадвартай болох ёстой талаар би хэдэн жилийн өмнө ярьж байсан. Үүн рүү алхам алхмаар ойртож байгаа. Монголын шүүхийн байгууллагад дотоод, гадаадын иргэн асуудлаа тавихад үнэн зөвөөр шийдэгддэг байвал хайгаад байгаа хөрөнгө оруулалт орж ирнэ. Шүүх зөвхөн гэмт хэрэг шийддэг байгууллага биш. Харин нийгмийн сайн сайхныг бий болгодог байгууллага. Эдийн засаг болон бусад бүх салбарт нөлөөлдөг. Энэ салбар сайн байвал Монголд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүгээрээ Монголын нэр хүнд өсөхөд шүүхийн шинэтгэл нөлөөтэй гэж ярилаа.

Шүүгчдийн ажилдаа гаргаж байгаа сэтгэл, хувь нэмэр дээр шүүхийн шинэтгэл тулгуурлаж байгаа бөгөөд шүүхийн байгууллагатай танилцаж байхыг УИХ-ын гишүүд, гүйцэтгэх засаглалынханд Ерөнхийлөгч уриаллаа.

 

Шүүгчдэд нийгмийн мэдрэмжтэй байхыг санууллаа

Ерөнхийлөгч "Шүүхтэй холбогдсон асуудлаар Үндсэн хуулиа оролдох биш дутагдаж байгаа хуулиа гаргах нь чухал байна. Нэн шаардлагатай байгаа таван хуулиа батлуулж, дөрвөн жилийн өмнө баталсан хуулиудаа сайжруулах чиглэлд явах хэрэгтэй. Нийгэмд буцаж эргэсэн асуудал байдаг. Цэц дээр Шүүхийн тухай хуулийн тодорхой заалтууд буцсан, зарим нэг зүйл зөөлнөөр хэлбэл "засагдсан” тохиолдол байж магадгүй. Гэхдээ улс төрийн хувьд эргэж буцсан утга агуулгатай шийдвэр гарахгүй байх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь ололт гэж үзэж байгаа зүйл иргэдэд хүрчихсэн, иргэдийн хэрэгцээ болчихсон байвал хэн ч буцааж чадахгүй. Зөвхөн шүүгч, Ерөнхийлөгч, тодорхой түвшний хүмүүс л мэддэг, амжилт нь тэр хүмүүст л үйлчилсэн шинжтэй байвал явахгүй. Буцаж л таарна. Тиймээс хийж байгаа шинэтгэл, ажлынхаа баталгааг бий болгохын тулд шүүхийг нээлттэй болгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүүх нээлттэй болж байж л шинэтгэлийн үйл ажиллагаа ард иргэдэд мэдэгдэнэ. Монгол Улс хөгжлийнхөө өнгө аясыг "Нээлттэй нийгэм” гэдэг үгээр тодорхойлж байгаа. Нээлттэй нийгмийн агуулга шүүх дээрээ байдаг. Шүүх иргэдэд нээлттэй, үйлчилдэг болохыг л нээлттэй нийгэм гэж нэрлэж байгаа. Техникийн дэвшил, иргэдийн хэрэгцээнд хөтлөгдөж ажиллах шаардлага бидэнд байна. Шүүхийн байгууллага хийж байгаа ажлаа олон нийтэд ойлгуулах тал дээр учир дутагдалтай байгаа. Бид шүүгчид, ухуулга сурталчилгаа хийх ёсгүй гэдэг байдлаар шүүхийн байгууллага хойш суумааргүй байна. Олон нийттэйгээ холбогдож, ойлголцож байж үр дүнд хүрнэ. Шүүхийн талаар буруу ойлголт өгөх сонирхолтой хүмүүст дийлдвэл эндээ ямар ч ажил хийгээд үр дүн гарахгүй. Хийсэн ажлаа иргэддээ ойлгуулж чадаагүй бол цааш явдаггүй. Баярлаад гарч байгаа хүмүүсийн үгийг олон нийтэд хүргэхэд бүх шатны шүүх анхаарах шаардлагатай. Шүүгчид олон нийтийн сүлжээг ашиглаж, үйл ажиллагаагаа олон нийтэд өөрсдийн хэмжээнд хүргэх хэрэгтэй” гэлээ.

 

Шүүхэд дарамт учруулах хандлагыг зогсоох шаардлагатай

Нээлттэй шүүхэд байгаа дутагдлын талаар Ерөнхийлөгч "Шүүхэд сахилга зохион байгуулалт байх ёстой. Зарим хүн шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна гэж дарамталдаг, нийгмийн уур амьсгалд шүүхийг автуулах гэсэн хандлага бий болж байна. Шүүх, ардчилал хамгийн өндөр хөгжсөн улс оронд хүртэл шүүх танхим руу камер оруулдаггүй. Шүүх рүү зургийн аппарат оруулахыг хүртэл хориглодог. Шүүх хуралдааны оролцогчдын нэр төр, аюулгүй байдлыг хамгаалах асуудал чухал. Шүүх хуралдааныг ажиглаж, дүрс бичлэгийг нь авъя гэвэл тодорхой журмаар зохицуулах шаардлага байна. Хэрэг маргаан шийдвэрлэж байгаа шүүгчийн оронд сууж үзээгүй хүмүүс зовлонг нь мэдэхгүй байгаа. Тоглолт үзэж байгаа мэт ярайтал олон хүн танхимд сууж ачаалал үүсгэх шаардлага байхгүй. Нээлттэй гэдэг байдлаар шүүхэд дарамт учруулах хандлагыг зогсоох шаардлагатай. Харин шүүх хурлын шийдвэр нээлттэй байх ёстой” гэж ярьсан юм.

 

Шүүгчийн шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон

Шүүгчдийн сонгон шалгаруулалтын талаар "Шүүгчдийн сонгон шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон гэж ойлгож байгаа. Компьютерт нэр усгүйгээр тест бөглөдөг. Тэгээд л зөв хариулвал тэнцдэг гэж ойлгож байгаа. Жолооны шалгалт өгөхтэй адил болсон биз дээ. Өмнө нь нэг хүнээр дамжуулаад, Ерөнхийлөгчөөр шийдүүлнэ гэх хандлага байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Зөвхөн үүнийг ярихад л Монголын шүүхэд маш том ололт гарсан. Үүнээсээ ухарч болохгүй” гэв хэмээн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button