Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорилоо

"Чингис” болон "Самурай” бондын зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч шалгаад удаж байна. Мөн энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс татагдаж шалгагдаж байгаа. Тэгвэл өчигдөр орой Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг саатуулсан гэх мэдээллийг албаны хүн өглөө.

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байгаа бөгөөд тэрээр хяналт шалгалтынхаа тухай ноцтой мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр " … Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай.Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн юм.

Шалгалтын явцад Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэдгийг тэрээр тайлбарласан. Тэгэхээр энэ бүгдийн хариултыг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаас сонсох нь ойлгомжтой. Тиймээс Авлигатай тэмцэх газар Н.Мөнхбатыг саатуулж шалгах нь зүйтэй гэж үзжээ.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button