Тааз нурснаас болж “Өргөө” амаржих газар хагалгаа хийж чадахгүй байна
Энэ сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз, хагалгааны үеэр нуран унасан талаар бид мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар "Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой" гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгчээ. Ингээд эмнэлгийнхний зүгээс “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байгаа аж. Эмнэлгийн удирдлагуудын хэлж буйгаар тааз нурж унасан уг өрөөнд 69.5 сая төгрөгийн хохирол учирчээ.
Тааз нурж унасан уг өрөөнд өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг байжээ. Тэгвэл энэ хугацаанд тус эмнэлгийнхэн цаашид хэрхэн ажиллах нь тодорхойгүй, дүгнэлтээ хүлээн хагалгаагаа хойшлуулсаар байгаа юм байна. Мөн энэ хугацаанд тус эмнэлэгт хийх яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-рүү шилжүүлж байгаа аж.Харин тус эмнэлэгт төлөвлөгөөт хагалгаа хийлгэх хүмүүс хүлээлтийн байдалд байгааг тус эмнэлгийнхэн хэлж байна.