Б.Эрдэнэцэцэг: “Харц хатан” жүжгийг бодит түүхээс сэдэвлэсэн
-“Харц хатан” жүжигт Сэржмядаг гэх бүсгүйн дүрийг бүтээж байгаа юм байна. Дүрийнхээ талаар яриач?
– Харц гаралтай ч агь ноёны хайрыг булаасан бүсгүйн дүр. Ноёны өргөөнд очоод бусдын гоо үзэсгэлэнд атаархсан атаархлаас үйл явц эхэлдэг. Нэлээн “зовлон”-той дүр. Эцэстээ зулын гол болж нас бардаг. Тухайн үед ангийн үзэл сурталд үзэсгэлэнт бүсгүйг шулам гэцгээдэг байж. “Сайхан хүүхэн бүр шулам байдаг” гэх ойлголт ард иргэдийн дунд түгээмэл тархаж, хөөрхий бүсгүйг тогоонд шатааж, амийг нь хороосон эмгэнэлт түүхийг өгүүлдэг юм. Энэ бол бодит амьдралаас сэдэвлэсэн, түүхэн домог. Харин тэрхүү домгоос сэдэвлэж, “Харц хатан” жүжиг төрсөн юм билээ.
-“Харц хатан”бол дуулалт жүжиг. Жүжигчин хүнд ари дуулах хүнд байв уу?
-“Харц хатан” ерөнхийдөө жижигхэн бэсрэг опера хэмжээний жүжиг шүү дээ. Драмын жүжигчин ари дуулна гэдэг үнэндээ том асуудал байсан. Тиймээс юун түрүүнд дуулалтыг нь чухалчилсан. Иймээс дуулалтдаа анхаарал хандуулж, мэргэжлийн хүмүүстээ их ажилласан. Тоглолтоо бодно, дуугаа дуулна гээд нэлээн их ажиллагаа орсон дүрүүдийн маань нэг. Бусад жүжгийн дүрүүдээс илүү надаас дуулах, жүжиглэх гээд нэлээд ур чадвар шаардсан. Анх энэ жүжгийг тавихад таван сар гаруй хугацанд бэлтгэл хийж байсан. Өөрт байгаа авъяас ур чадвараа шавхаж ажилласан.
-Танд “Гэгээн муза”-г авчирсан дүр шүү дээ?
-Тийм ээ. Энэ дүр маань надад гэгээн Музаг авчирсан. Тэр жил гурван төрөлд “Гэгээн Муза”д нэр дэвшээд хоёр муза хүртэж байсан. Намайг тэр жил хоёр гэгээ муза хүртснээс хойш хоёр муза хүртсэн уран бүтээлч одоогоор алга. Энэ дүр маань надад алтан цомыг авчрахын хажуугаар намайг үзэгч олонд, уран бүтээлч нөхдийн маань дунд нээж өгсөн.
-Таны бүтээсэн дүрүүдийн ихэнх нь эхэмсэг язгууртан хатдын дүр байдаг?
-Тийм шүү, би их олон хатны дүрд их тоглосон байдаг. Дүр бүрээсээ суралцаж, туршлага хуримтлуулж байсан.
-Тайз, дэлгэцтэй холбогдоод 20 гаруй жил болж байгаа байх. Энэ хугацаанд хичнээн уран бүтээлд тоглоод байна вэ?
-Дэлгэцийн 30 гаруй бүтээлд дүр бүтээсэн байна. Эмэгтэй жүжигчдээс хамгийн дүрд тоглосон нь би юм билээ. Театрт 20 жил ажиллахдаа 60 гаруй жүжигт туслах ба гол дүрд тоглосон.
П.ГОО
Оллоо.мн