Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд Япон улсад айлчлав
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиолцсон юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхаж, мөн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцлоо.
120 мянгатын автобусны буудлыг нүүлгэлээ
120 мянгатын автобусны зогсоолд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орохоор болжээ.
Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Авто замын газрын хамтарсан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс ХУД-ийн нутаг 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж, хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг нүүлгэн өөрчлөлт оруулсан байна.
Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлэв
АТГ-аас өчигдөр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг саатуулжээ. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр шалгалтын явцад Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн хэмээн мэдэгдсэн юм.Шалгалтын мөрөөр Н.Мөнхбатыг саатуулж, шалгахаар болжээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулсан. Энэ хүрээнд тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг аравдугаар сарын 10-наас нийслэлийн зарим уулвзарт хэрэгжүүлж эхлэхээр болоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн даваа гарагаас эхлэн дараах уулзаваруудаар баруун эргэдэг дүрэм хэрэгжиж эхэллээ. Тодруулбал
Баруун 4 замын уулзвар,
Зүүн 4 замын уулзвар,
Гэсэр сүмийн уулзвар,
Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулах юм байна.Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.
Ингэснээр уулзвар нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурах, түгжрэл буурах давуу талтай гэж үзэж байгааг хэллээ.Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын Цагдаагийн Газраас зөвлөлөө.
olloo.mn