МАН-ынхан Д.Өнөрболорт “өр”-өө төлнө гэв үү
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хамгийн их “арчилгаа” шаардах барилгын яамыг Д.Өнөрболор гэх “битүү” нэр дэвшигчид хариуцуулах хэтэрхий аз туршсан хэрэг болох байв. Салбарынхан ч хүчтэй эсэргүүцсэн юм. Иймээс ч аргагүй эрхэнд түүний нэрийг ашиг сонирхлын зөрчилтэй гэх халхавчаар буцаан татсан юм.
“Дайран дээр давс” гэгчээр Д.Өнөрболорын өнгөрсөн бараан түүхүүд ч түүнийг сайдын суудалд тухлах боломжийг олгосонгүй.
Түүний бизнесийн түүх их товчхон. Бусдын нэрээр газар авах, бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар тэр “Зайсан”-ийн амыг эзэгнэсэн. Энэ ажилдаа нэлээд гаршсан гэх Д.Өнөрболор нь МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг төгсч бакалавр зэрэг хамгаалсан. Мөн түүний бизнест орох зам нь солонгос ресторанд орчуулагч хийж, солонгос нөхөртэй болсон түүхээс эхлэлтэй хэмээн бичих хэсэг ч олон байна.
Түүнийг бизнесийн хүрээнийхэн УИХ-ын 2016 оны сонгуулиар нэр дэвших хүмүүсийн тоонд оруулж байсан юм. Учир нь намдаа хандивын гараа харамгүй сунгадаг хүмүүсийн дээгүүрт багтдаг гэнэ.
Д.Өнөрболорын хувьд 2015 гуравдугаар сард НИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай нэгэн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Мөн тэрбээр өөрийн бизнесийнхээ талаар нэгэн ярилцлагадаа “”Чингис хаан” зочид буудлын ард байрлалтай “Рояль кэстл” хотхоныг анх барьж ашиглалтад оруулж байлаа. Одоогоор Зайсанд томоохон хорооллын цогц ажил эхлээд явж байгаа /2016.04.07-нд өгсөн ярилцлага/. Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улстөрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэжээ.
Нэг үгээр МАН-ынхан Д.Өнөрболор гэх гишүүндээ өртэй хэвээр байгаа. Намын даргын зүгээс ойрмогхондоо Д.Өнөрболорт зориулсан албан тушаалын “үүцээ” задлахаар зэхэж байгаа сурагтай. Ямартай ч Барилгын сайдын суудалд өнцөгдсөн түүнд сайдын хэмжээний эрх ямба эдлэх, албан тушаал бэлдэж байгаа сурагтай.
Оллоо.мн