Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хууль, хоёр тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэх”-ийг заасны дагуу Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан, өргөн мэдүүлсэн 15 хууль, хоёр тогтоолын төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, тухай бүрт нь асуулт асууж саналаа хэлэхгүй бол гол асуудал нь орхигддог талтайг онцлов. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Азай буурлууддаа жилд хоёр удаа “насны хишиг” олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэттгэврийн насны бүх иргэдээ хамруулах талаар нарийн судлах хэрэгтэйг гишүүд хэллээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн ч Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг шийдвэрлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулав. Учир нь Хөгжлийн банкны асуудалд нарийн судлагаатай, болгоомжтой хандах нь зүйтэй гэж үзэж байлаа.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудад эдийн засаг, санхүүгийн байдалд хяналт тавьж, дүгнэлт гаргах чиглэлээр ажлын хэсгийг байгуулж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулахаар тогтлоо.

 

П.АНИР

Оллоо.мн

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button