Үндсэрхэг үзэлтнүүдэд дарамтлуулсан иргэдийг цагдаад хандахыг санууллаа

Сүүлийн үед үндсэрхэг үзэлтэй ТББ-уудын гишүүд гадаад, дотоодын иргэдийг айлган сүрдүүлж, мөнгө нэхэж, биед нь байсан эд хөрөнгийг дээрэмдэх нь ихэсчээ. “Даяар Монгол”, “Босоо хөх Монгол”, "Хөх Монгол", "Хас Монгол", "Ногоон хас" зэрэг таван төрийн бус байгууллага, хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Тэд гадны хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг дарамтлаж, мөнгө нэхдэг болсон талаар мэдээлэл өглөө. 

Тиймээс дээрх байгууллагын гишүүдэд дарамтлуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандахыг санууллаа.

Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар тэд өмнө нь зөвхөн гадны иргэдийг дээрэмддэг байсан бол сүүлийн үед дотоод иргэдээ дээрэмддэг болжээ. Мөн цагдаагийн байгууллагад хандаж болохгүй хэмээн дарамталдаг болжээ. 

Түүнчлэн “Босоо хөх Монгол” бүлгийн удирдах зөвлөлийн дарга П.Шинжээравдан бусад хүмүүсийн хамт даваа гарагт мэдээлэл хийж, цагдаагийн байгууллагынхан  гадныханд зодуулж, дарамтлуулсан Монгол иргэдээ хамгаалахгүй байгаа талаар ярьсан. Тэрбээр  сүүлийн үед  БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай  компанид ажиллаж буй залуус хэдэн сар цалингаа авч чадахгүй байгаа үүнээсээ болоод цалингаа нэхсэн залуус тэдгээр эздэдээ хэл амаар доромжлуулах цаашлаад  хүнд гэмтэл, бэртэл автлаа зодуулах тохиолдлууд ихээр гарах болсон ч  энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад очоод шийдэгдэхгүй хаах тохиолдол гарах болсон байна. Энэ нь манай хуулийнхан мөнгөтэй хүмүүсийн талд нааштай шийдвэр гаргадаг, авлигад идэгдсэн гэдгийг харуулж буй хэрэг гэлээ.

Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас  тухай бүрт нь хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хамгийн сүүлд ГССҮТ-д нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад зодуулж хүнд гэмтсэн нэгэн иргэн хүргэгдэн иржээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж, хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээд А-г илрүүлэн баривчилсан байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэж мэдэгдлээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button