Халамжийн Д.Баярсайхан нартай холбоотой 4,5 тэрбумын хэрэг юу болов
Энэ асуудалтай холбогдуулан төрд өртэй, төрийн мөнгийг хувьдаа ашигласан, татвараас зайлсхийсэн хэргүүдийг нэхэн сурвалжилж байна. Өнгөрсөн хугацаанд дуулиан дэгдээсэн Д.Баярсайхан нарын 4,5 тэрбумын асуудал хэрхэн шийдэгдсэн талаар нэхэн сануулъя.
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд Эрүүгийн цагдаагийн газраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Нэр бүхий хүмүүсийг баривчилсны дараа ШШГЕГ-ын зүгээс “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн” гэсэн ганцхан албан мэдээллийг олон нийтэд өгсөн юм.
Тухайн үед Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй. Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн талаар албаныхан мэдэгдэж байв.
Тэгвэл Д.Баярсайхан нарыг баривчилснаас хойш таван cap орчмын дараа хэвлэлд “…Чимээгүй болсон уг хэргийн мөрдөн байцаалт идэвхжсэн байх юм. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эздэдээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа шаардах учраас цагдаагийн байгууллага томоохон хүчээр ажиллажээ. Төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулжээ. Цагдаагийн байгууллагын уг ажиллагаа саяхан дуусч, дүн мэдээгээ нэгтгэж эхэлснийг эх сурвалж мэдээллээ” гэх мэдээ 2015.10.28 www.morningnews.mn сайтад гарчээ. Харин үүнээс хойш мөрдөн байцаалт дууссан эсэх, прокурорт шилжсэн эсэх гээд олон асуултад хариу гарсангүй өнөөдрийг хүрээд байгаа юм.
Мөн тухайн үед Д.Баярсайханы “мөнгө угаасан” гэх энэхүү хэрэгт Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг оролцоотой байж болзошгүй гэж хуулийн зарим хүн үзэж байсан юм. С.Эрдэнэ сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг халамжийн дарга Д.Баярсайхан “үнэхээр халамжийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, орсон гарсан гүйлгээг бусад зүйлд зарцуулсан бол салбарын сайд С.Эрдэнэ огт мэдэхгүй байна гэж байхгүй” гэж хэлэх хүн ч байгаа юм.
Харин С.Эрдэнэ сайд Д.Баярсайханыг цагдан хоригдсоны дараа “Зарим нэг хүн намайг энэ хэрэгт буруутгаж байна. Үнэн зөв нь ялгагдах байлгүй дээ” гэх үгийг хэлж байсан. Хэрэг ийнхүү хэвлэлээр хэсэг бичигдсэн ч замхарчээ.
Нэг үгээр дуулиан шуугиан болж байсан Д.Баярсайханы хэрэг АН-ынхныг эрх барьж байхад замхарсан. Тэгвэл МАН-ынхан Засгийн эрх авсан учраас тэднээс тодруулмаар байна. Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж байсан 4.5 тэрбумын хэрхэн шийдэгдсэн бэ?
Оллоо.мн