БНХАУ дипломат ялалт байгууллаа
БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн хилийн цэсийн асуудлаар маргаантай байдаг хөрш зэргэлдээ улсуудын нэг нь Филиппин. Тиймээс Филиппиний “Шийтгэгч” хочит Родриго Дутертегийн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан Филиппиний Ерөнхийлөгч болсон Родриго Дутерте албан тушаалаа авсан даруйдаа хар тамхины эсрэг томоохон хэмжээний дайныг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдааар 3700 гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоо бий. Түүний эхлүүлсэн хар тамхины эсрэг дайнаар олон хүний амь эрсдэж буйг ч АНУ тэргүүтэй барууны орнууд шүүмжилж ирсэн байх бөгөөд энэ асуудлаас үүдэлтэйгээр Филиппин АНУ-ын харилцаа хөндийрч, ОХУ, БНХАУ-ыг түшиж, тусламж авах сонирхлоо илэрхийлэх болсон байдаг. Тухайлбал, хэлэх гэсэн үгээ ил шулуухан илэрхийлчихдэг Ерөнхийлөгч эр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг зүй бус үгээр гутаан доромжилсны зэрэгцээ жил бүр уламжлал болгон хийдэг АНУ, Филиппиний цэргийн хамтарсан сургуулилтыг нь энэ жилээр дуусгавар болгохоо мэдэгдээд байгаа билээ.
Түүнчлэн, Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийсэн нь ч олны анхаарлыг ихээр татсан юм. Родриго Дутертегийн манай өмнөд хөршид хийсэн айлчлал өнгөрөгч мягмар гарагт эхэлж, баасан гарагт өндөрлөсөн. Харин энэ удаагийн айлчлалын хамгийн анхаарал татсан асуудал нь Родриго Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн зааг хязгаарыг тогтоох асуудлаарх хоёр улсын хэлэлцээрийг дахин сэргээн хэлэлцэхэд санал нэгдсэн явдал байлаа. Нидерландын Гааг хотод болсон Арбитрын шүүх хурлаар Хятадын Өмнөд Хятадын тэнгис дэх бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан удаатай. Харин хоёр улсын төрийн тэргүүнүүд уг асуудлаарх хэлэлцээрийг дахин сэргээхээр тохиролцсон нь “Хятадын хувьд дипломат ялалт боллоо” хэмээн эх сурвалж онцолж байна.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Хятадад айлчлах үедээ Азийн хамгийн том гүрнээс эдийн засгийн дэмжлэг хүсч, улмаар удаан хугацаанд холбоотон байсан АНУ-аас “салж” буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл Р.Дутерте айлчлалынхаа сүүлчийн өдрийн хамтарсан мэдэгдэлдээ “Өмнөд Хятадын тэнгист үүссэн өнөөгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар тогтмол уулзалт хийж байхаар тохиролцсон нь хоёр улсад ашиг тусаа өгөх нь гарцаагүй” гэдгийг онцолсон юм.
Олон жилийн өмнө зогссон хоёр улсын хамтарсан далай, тэнгис дэх улсын хил хязгаарыг тогтоох асуудлаарх уулзалтыг ийнхүү дахин сэргээсэн нь БНХАУ-ын хувьд баярлууштай үйл явдал болсон гэж ажиглагчид дүгнэж байна. Учир нь Хятад Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн маргааны улмаас олон улстай шууд хэлэлцээр хийх боломжгүй байжээ. Тиймээс энэ талаарх яриа хэлэлцээр урт хугацаанд сунжирч байсан аж. Харин энэ удаагийн Филиппиний Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалаар эдийн засгийн хувьд бүс нутагтаа тэргүүлэгч Хятад улсын хувьд маргаанд оролцогч талуудтай шууд зөвлөлдөх боломжтой болсон нь нөлөөллөө тэлэхэд нь ашгаа өгөх нь гарцаагүй.
Гэхдээ айлчлалын үеэр аль аль тал нь Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар дурьдсангүй. Тус шүүхээс энэ онд Өмнөд Хятадын тэнгисийн ихэнхи бүс нутгийг БНХАУ эрх зүйн үндэслэлгүйгээр эзэмшилдээ оруулсан гэж шийдвэрлэсэн байдаг. Харин Хятадын тал уг шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан билээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү