Н.Ариунболд: Сонгогчдод саналаа худалдах боломжийг олгосон сонгууль боллоо

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр улс орон даяар явагдсан. Харамсалтай нь нийслэл хотын долоон дүүрэг, дөрвөн аймагт  сонгогчдын ирц хүрээгүйн улмаас энэ сарын 23-ний өдөр буюу  өчигдөр нэмэлт санал хураалт явууллаа. Тэгвэл сонгуулийн санал хураалттай холбоотойгоор зарим учир дутагдалтай асуудлууд үүссэн талаар дөнгөж сая иргэн Н.Ариунболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 1203-р хэсгийн санал авах байранд ажиглагчаар ажиллажээ. Түүний хэлснээр иргэд саналын хуудсыг бөглөж дуусаад  автомат машинд уншуулах  үед  10-20 метрийн зайд сууж байгаа ажиглагчид аль  нэр дэвшигчийг дугуйлсан нь харагдах бүрэн боломж байсан аж. Тэр ч бүү хэл хэн хэдэн санал авсныг 22:00 цагаас өмнө тоолох боломж байсан гэлээ. Учир нь энэ удаагийн  сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд  оролцох иргэдийн идэвх сул байсан тул, олноороо орж ирээгүй учир тоолох боломж байсан аж. 

Энэ талаар Н.Ариунболд “Ардчилсан сонгуулийн үндсэн зарчим болох сонгогчийн санал нууц байх ёстой гэдэг нь сонгогч тусгайлан бэлдсэн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэх, ийнхүү санал тэмдэглэсэн хуудсаа саналын хайрцагт хийх хүртэл нь саналын нууцлалыг нь хамгаалах, ийм боломжоор  хангагдсан байхыг ойлгодог. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан  сонгогчийн санал нууц байх  ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг  хууль тогтоогч  Сонгуулийн тухай хуулийн 4.5-д “Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зорилгоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна”  хэмээн тогтоосон.  Гэтэл засгийн эрх барих ард түмний  бүрэн эрх, иргэний  сонголтыг 2016 онд явагдсан  ээлжит сонгуулиудаар  нээлттэй байлгаж, сонгогчийн саналыг хөндлөнгөөс  сонирхогч  этгээд мэдэх, хянах нөхцөлийг сонгуулийн төв байгууллага бүрдүүлэн ажилласан нь Монгол Улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, дэлхий нийтийн наад захын хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцээгүй үйлдэл боллоо”  хэмээн ярилаа. 

Мөн тэрбээр  сонгогчийн саналын нууцлалыг хадгалаагүй энэ мэт механик алдаа нь сонгогчдод саналаа худалдах боломжийг олгосон  гэлээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button