Үндсэрхэг үзэлтнүүд даварч байна
Сүүлийн үед үндсэрхэг үзэлтэй залуусын бүлэглэлийнхэн дээрэм хийж, иргэдийг айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэг гарах нь ихэссэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Өмнө нь эдгээр бүлэглэлийнхэн БНХАУ, БНСУ, Веьтнам иргэдийг айлган сүрдүүлж, мөнгө нэхэж, дээрэм хийдэг байжээ. Харин сүүлийн үед гадныхны гар хөл боллоо хэмээн дотоодын иргэдээ айлган сүрдүүлдэг болсон байна.
“Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Даяар Монгол” “Ногоон хас” зэрэг бүлэглэлийн залуус эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдол сүүлийн хоёр жилд 16 удаа бүртгэгдсэн талаар цагдаа нар хэллээ.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-ний өдөр “Хас Монгол” бүлгийн гишүүн нэг иргэнээс 200 сая төгрөг нэхэж, биед нь халдаж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ үеэр биед нь байсан хоёр сая төгрөгийг авч, дараа өдөр нь 18 сая төгрөг бэлнээр авах гэж байгаад цагдаагийнханд баригдсан байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.
Харин дээрх бүлэглэлийнхэн нөгөө талд “Сүүлийн үед БНХАУ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй залуус хэдэн сар цалингаа авч чадахгүй байгаа үүнээсээ болоод цалингаа нэхсэн залуус тэдгээр эздэдээ хэл амаар доромжлуулах цаашлаад хүнд гэмтэл, бэртэл автлаа зодуулах тохиолдлууд ихээр гарах болсон ч энэ хэрэг хууль цагдаагийн байгууллагад очоод шийдэгдэхгүй хаах тохиолдол гарах болсон байна. Энэ нь манай хуулийнхан мөнгөтэй хүмүүсийн талд нааштай шийдвэр гаргадаг, авлигад идэгдсэн гэдгийг харуулж буй хэрэг” хэмээн ярьж байгаа юм.
Тэгвэл иргэд гадныхнаас эмс охидоо хамгаалах, эх орон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж байна хэмээн цээжээ дэлдсэн том биетэй эдгээр залуусаас айж байгаагаа хэлж байна. “Үндсэрхэг үзлээрээ түрүү барьж хэт даварч бусдын эд хөрөнгө рүү дайрч өөрийн болгож авах гэсэн иймэрхүү увайгүй нөхдүүдийн нүдэнд өнгөтэй өөдтэй явж болохгүй тийм цөвүүн цаг ирсэн бололтой. Өөрийн хүч хөдөлмөр ажил амжилтаараа бий болгосон өмч хөрөнгө, мөнгө төгрөгөө зүгээр байж байгаад хэн нэгэнд дарамтлуулж алдана гэж юу байх билээ. Бүр сүүлдээ дотоодын буюу элэг нэгтэй монголчуудаа дээрэмдэж байгаа нь арай л байж боломгүй зүйл” хэмээн цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.
Түүнчлэн эх сурвалжуудын хэлж буйгаар үндсэрхэг үзэлтэй гэх дээрх ТББ-ын гишүүд хөдөө орон нутгаар явж уул уурхайн компаниудыг байгаль орчинд хохирол учруулсан, баримт фактыг чинь дэлгэнэ гэж сүрдүүлж, мөнгө нэхэж дарамталдаг тухай мэдээллээ.
Монголчууд бидний хувьд үндсэрхэг үзэл гэх энэ нэр томьёог чөлөөтэй хэрэглэдэг болоод нэг их удаан хугацааг өнгөрүүлээгүй байна. Социалист нийгмийн 70 жилд бид үндэсний үзлийн талаар ярих битгий хэл бодох ч эрхгүй байсан бол одоо байдал арай өөрчлөгджээ. XXI зуун гарсан өнөө үед улс, үндэстэн бүр өөрийн өвөрмөц онцлогийг хадгалах, үндэсний соёл, уламжлалаа сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэх болж, тэр ч утгаараа үндэсний үзэл урьд өмнөхөөсөө илүү ихээр сэргэх хандлагатай болж байна. Бид хэдийгээр энэ нэр томьёог чөлөөтэй ярих эрхтэй болсон ч цаад утга агуулгыг нь нарийн ойлгоогүй хэвээр. Тийм ч учраас нарийн ширийнийг ухаж ойлгоогүй хэсэг залуус өөрсдийгөө үндсэрхэг үзэлтнүүд хэмээн өргөмжилж, туг далбаа намируулан, хар хувцсаар жигдэрч гадаад, дотоод иргэдийг айлган сүрдүүлж мөнгө нэхэх хэрэгсэл болгож байгаа юм.
olloo.mn