Б.ЖАВХЛАН: Эдийн засгийн суурь орчноо сайжруулах нь чухал

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн талаар Эдийн засгийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн  Б.Жавхлангаас  зарим зүйлийг тодруулсан юм.

-УИХ ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэж эхлээд байна. Гишүүдийн зүгээс төсвийн алдагдлыг бууруулахад чиглэлд анхаарах хэрэгтэй сануулж байна?

-2017 оны төсвийн хуулийн дөнгөж хэлэлцэж эхэлж байна. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай явж ирсэн гэдэг үүднээс тусгал нь төсөв дээр шууд ирнэ.  Гэхдээ үүнээс өмнө олон эрсдлүүд байна. 2017-2019 онуудад Засгийн газрын дотоод болон гадаад өрийн төлбөрүүд төлөгдөнө. Гадаад өрийг дагаад Төвбанканд валютын нөөцийн сөрөг дарамтууд ирэх магадлалтай. Мөн  төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдалтай энэ үед төсвийнхөө зардлыг бууруулж, зохистой хэмжээнд нь барьснаараа эдгээр эрсдлүүдээс хамгаалах зорилтыг тавьж, төсвийн бодлого дээрээ ажиллаж байна. Уул уурхайг бид хэт эерэгээр төсөөлж төсөвт тусгах шаардлага байхгүй. Биднээс үл хамаарах эрсдлүүд байдаг учраас эндээс ирэх шокыг эдийн засагтаа бага шингээж хэт өөдрөг төсөөлөлтэй явах нь эрсдэлтэй. Тухайлбал,  Төвбанкны мөнгөний бодлого болон төсвийн төсөөлөл хоёр дээр зарим нэг техникийн зөрөөтэй зүйлүүд байгаа. Төвбанкнаас оруулж ирсэн мөнгөний бодлогод зэсийн үнийг 5000 ам.доллараас дээш, төсвийн төсөлд  5000 ам,доллараас доош байх төсөөллүүд хийгдсэн. Бидэнд төсөв мөнгөний бодлогоо ярилцах сар шахмын хугацаа бий. Эцсийн дүнд энэ хоёр бодлого уялдаж нэг загвараар гарна.

-Төсвийн бодлого дээр өрийн асуудлыг хэрхэн тусгах өгөх ёстой бэ?

-Энэ удаа төсөв мөнгөний бодлогыг тусгаж УИХ-д танилцуулахдаа 2017-2019 он хүртэлх дунд хугацааны төсөөллүүдээ хамтад нь танилцуулж байгаа. Энэ хүрээнд ирэх гурван жилд гадаад, дотоод засгийн газрын өрүүдийн үндсэн ба хүүгийн төлбөрүүд болон хувийн секторын томоохон төлөлтүүд явагдана. Энэ төлөлтүүд төсөв, Төвбанкны валютын нөөц дээр нэлээд ачааллуудыг үүсгэнэ гэсэн үг. Ийм учраас бид зөв төлөвлөлт хийх ёстой. Тухайлбал, ирэх оны төсвийн тухай хуулиндаа 2018 оны нэгдүгээр сард төлөгдөх Чингис бондын эхний үндсэн төлбөр 500 сая ам.долларыг хэрхэн төлөх асуудлыг бодолцож, бэлтгэх хэрэгтэй байна. Энэ мөнгөн дүнг ирэх оны төсөвт суулгах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ мэтээр төсвийн тухайн хуулиндаа цаглабартай уялдуулсан өрийн менежментүүдийг сайн тооцож, төлөвлөлтөө хийх ёстой юм.

-Төсвийн алдагдлыг 2019 онд таван хувьд хүргэж бууруулахаар тооцсон байна. Илүү богино хугацаанд алдагдлыг бууруулах бодит боломж байгаа юу?

 -Төсөв дээр ирж болзошгүй эрсдлээ сайн тооцохгүй бол ирэх онд алдагдлыг 9.9 хувьд барьж чадахгүйд хүрнэ. Төсвийн алдагдлыг 2018 онд 8 хувь, 2019 онд 5 хувь руу оруулахаар тооцсон. Энэ нь харьцангуй зөв хандлага. Энэ жилийн төсвийн алдагдал 19 хувьд хүрэхээр байгаа. Энэ тоог ирэх жил огцом бууруулж, 7-8 хувь руу оруулах механик өөрчлөлт хийхийг зориогүй. Хэрвээ ийм байдлаар тооцох юм бол 2018 онд буцаад савах эрсдэлийг бий болгох талтай учраас шат дараатай зөөлөн буулгах нь тохиромжтой байна. ОУВС болон бусад санхүүгийн байгууллагууд манай энэ тооцооллыг нэлээд нааштай хүлээж авсан юм билээ.Сая ерөнхий сайд,Монголбанкны ерөнхийлөгч нар АНУ-д болсон ОУВС-гийн жилийн уулзалтад оролцох үеэрээ энэ тооцооллоо урьдчилсан байдлаар танилцуулаад ирсэн байгаа.

 – Мөнгөний бодлогыг чангаруулаад 15 хувьд хүргэж байна. Хэдий хугацаанд энэ хувьд барих бололцоотой вэ?

– Инфляци маш бага түвшинд ороод ирлээ. Бараг дифляци болох гэж байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хүүг нь буулгах орон зай үүсч ирж байгаа боловч ханшинд дарамт байсаар байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай төсөв ийм хүнд үед мөнгөний бодлогыг ойрын зургаан сардаа зөөлрүүлэх бодлого орж ирэхгүй болов уу. Мөнгөний бодлогыг чангаруулах нь Төв банкны эцсийн бодлого биш болов уу. Ямартай төсвөө батална. Бусад өөр ямар бодлогууд орж ирэх нь вэ асуудал орж ирэх ёстой.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна урд хөршөөс хөгжлийн зээл авах асуудал яригдаж байна.  Эдийн засагч хүнийхээ хувьд аль  хувилбарыг нь  илүүд үзэж байна вэ?

– Энэ хоёр зээл аль нэгийгээ нөхөх юм уу, орлоно гэсэн хоёр өөр сонголт биш. Хоорондоо тодорхой хүрээнд уялдаа хамааралтай санхүүжилтүүд юм. Зээлийн агуулгын хувьд харьцангүй өөр. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах юм бол орж ирэх санхүүгийн эх үүсвэр нь 1-2 жилийн хугацаатай. Энэ нь бодлогын нөхцөлт зээл юм. Хятадаас авахаар яригдаж буй зээлийн тухайд Засгийн газраас эрэлхийлж буй олон хувилбаруудын нэг гэж харж байгаа. Хорин жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй зээл нь үндсэндээ бизнесийн агуулгатай, хөрөнгө оруулалтын чиглэлийн зээл юм. Тиймээс чиглэл, зориулалтын хувьд энэ хоёр зээл өөр байгаа юм. Цаг хугацааны хувьд ОУВС-тай эхэлж хэлэлцээрт орж байна. Тиймээс  энэ хөтөлбөрт эхлээд хамрагдаж магадгүй. Хэрвээ ийм нөхцөл үүсвэл  бид хоёр жилийн хугацаанд төсвөө сахилгажуулж, мөнгөний бодлогоо гурван жилээр төсөөллөө үүнтэйгээ уялдуулж чадна. Ийм нөхцөлд бид дараачийн урт хугацааны хөгжлийн зээлүүдээ авахад таатай нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Одоогийн байдлаар эдийн засгийн суурь орчноо сайжруулах нь чухал байна. Урт хугацаанд өгөөжөө өгөх, өрөө төлөх боломжтой секторуудад хөрөнгө оруулалтуудаа хийх асуудалд  бид тодорхой суурьтай болоод зээлээ авсан нь зөв  болов уу гэж бодож байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тохиолдолд төсөвт тодотгол хийх  үү?

 -Төсөвт тодотгол хийхгүй байх.  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхгүй болов уу. Энэ өдрүүдэд ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Төсөв батлах хугацаа арай болоогүй байна. Бидэнд нэг сарын хугацаа байна. Өмнө нь АНУ-д болсон ОУВС-гийн жилийн уулзалтад оролцох үеэр ерөнхий байдлаар төсөөллүүдээ танилцуулсан. Харьцангуй нааштай хүлээж авсан талаар би өмнө нь ярьсан. Тэгэхээр жилийн төсвийн алдагдлыг 9.9 хувьд барих тооцооллыг хөндөхгүй болов уу. Алдагдлын хэмжээг Төв банкнаас хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь энэ тоондоо барих нь маш чухал. Орлогоо сайн бүрдүүлж, зарлага талдаа сахилгаа сайн барих хэрэгтэй.

-“Стэнд бай”-д орсон тохиолдолд Хятад улс манайд зээл өгөхгүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?

 

-Саяхан ОУВС-гийн нөөцийн багцанд Хятадын юань орсон. Олон улсын валютын сангаас Хятадын эдийн засгийг хүлээн зөвшөөрч буй нэг илрэл энэ шүү дээ. Хятадын зүгээс урт хугацаатай хөнгөлөлттэй, бизнесийн зээлийг манай улсад өгөхийн тулд ОУВС-аас Монголд өгөх үнэлэлт дүгнэлтэд тулгуурлаж шийдвэрээ гаргах байх. Түүнээс биш тэднийх өгөхгүй бол манайх өгөхгүй гэсэн зүйл байхгүй.

 -Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ  эрсдэлтэй болсон тохиолдолд энэ оны сүүлээр банкнуудын нөхцөл байдал ямар хэмжээнд хүрэх бол?

– 1990 оноос хойш манай банкны секторууд гурван удаа хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Энэ хямралуудаас сургамж авч Төв банкны зүгээс мөчлөг сөрсөн бодлогуудыг хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг тогтвортой өсөлттэй, хөрөнгө мөнгөтэй байх үед нь чанга бодлого барьж банкуудын хөрөнгийг нь нөөцлөх төлбөрийн чадварын үзүүлэлтүүдийг өндөрт барьдаг байсан. Уг бодлогыг хэрэгжүүлж ирсний үр дүнд банкууд чамлахааргүй үзүүлэлттэй байгаа юм. Эдийн засагт нөлөө бүхийн секторуудын уналтаас хамаарч зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж байгаа зүйлүүд байна. Түүнээс биш банкны өөрийнх нь үйл ажиллагаа нь доголдох нь харьцангуй бага байгаа.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button