Г.Ариунбаатарыг Чингис хаан одонгоор шагналаа

Өнөөдөр Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 тохиож байна. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсоны дагуу 2012 оноос хойш тэмдэглэдэг болсон билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд  тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээхээр болоод байсан. Тэгвэл дөнгөж сая буюу морин цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Ариунбаатарыг Чингис хаан одонгоор шагналаа.

Г.Ариунбаатарын тухайд өнгөрсөн долоодугаар сард сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны гран при  шагналыг  хүртсэн билээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button