Шинэ нисэх буудал ирэх онд зорчигчдоо хүлээн авна
Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулж байгаа юм.
Гэрээний дагуу Японы талын гүйцэтгэгч “Мицубиши Чиёода” компани өнгөрсөн нэгдүгээр сард Зам тээвэр, хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн. Харин Улсын комисс болон техникийн комиссын шалгалтаар гарсан зөрчлийг шалгалтын явцад арилгаж, Хөшигийн хөндий нисэх буудлын төв барилга байгууламжийг хүлээн аваад байгаа юм. Гарсан зарим зөрчлийг дулааны улиралд хийх шаардлагатай учраас түр хойшилсоныг албаныхан онцолж байна.
Урьдчилсан тооцоогоор Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлыг 2018 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулж зорчигчид хүлээн авахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийг нислэгийн үйл ажиллагаанд бэлдэх, тоног төхөөрөмжийг суурилуулах, турших, байгууламжийг тохижуулах, хэрэглэгчдэд үйлчлэх цэгүүдийг тогтоох зэрэг ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.