ГССҮТ: Тамирчны спортын замналд нөлөөлөх гэмтэл байгаа эсэх нь дахин зураг авч байж мэдэгдэнэ

Монгол улсын  боксын шигшээ багийн тамирчин,  “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, 2017 оны улсын аварга Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдөр биедээ хүнд гэмтэл аван ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид мэдээлсэн.  Хэрэг явдлыг тодруулбал энэ сарын 18-19-нд шилжих шөнө, нийслэлийн БГД-ийн нутаг дэвсгэрт  уг хэрэг гарчээ. Олон улсын тэмцээнд оролцохоор Хандгайт дахь спортын бэлтгэлийн баазад  нэгдсэн бэлтгэлд гараад байсан боксын шигшээ багийн зургаан тамирчин шөнийн 02:00 цагийн үед  багш нараасаа нууцаар  нийслэлд ирж, “UB палас”-ын дэргэдэх шөнийн клубээр үйлчлүүлжээ. Ингэхдээ хэсэг залуустай муудалцан, маргалдаж улмаар гар зөрүүлсэн байна.

 

Цагдаагийн байгууллагын  өгсөн мэдээллээр залуус бүлэглэн зодоон хийгээгүй бөгөөд Э.Цэндбаатар өөр нэг залуутай зодолдсон аж. Боксчин залууд зодуулсан гэх  залуу  тусламж хүсэн найзуудыгаа дуудахад,  тэд зугтаж амжсан байна. Улмаар залуус тамирчдын араас нь хөөж очиход Э.Цэндбаатар аль хэдийн машинд мөргүүлэн ухаангүй болсон байсан хэмээн гэрчүүд мэдүүлжээ. Уг хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд  боксчидтой гар зөрүүлсэн гэх бүлэг залуусаас мэдүүлэг, тайлбар авч эхэлжээ. Харин Э.Цэндбаатарын мөргөж, нүүрэнд нь гэмтэл учруулсан гэх приус маркийн машины жолооч хэргийн газраас зугтаж амжсан бөгөөд түүнийг эрэн хайж, байгаа юм байна.

 

\

Одоогоор Э. Цэндбаатар ГССҮТ-ийн Гавал, тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдал хүндэвтэр байгааг эмчлэгч эмч Д.Одонбаатар хэллээ. Тэрбээр “Э.Цэндбаатар автын  осолд орж, манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Биеийн байдал нь одоогоор хүндэвтэр, эмчилгээ хийлгэж байна. Нүүрэндээ гэмтэлтэй олон тооны оёдол тавиулсан. Биеийнхээ бусад хэсэгт гэмтэл байгаа үгүйг би хэлж мэдэхгүй, ер нь бол гайгүй байгаа. Тамирчин хүн учраас цаашдын спортын замналд нь нөлөөлөх эсэх нь  дахин зураг авч байж мэдэгдэнэ” гэлээ.

 

Харин ар гэрийнхнийх нь зүгээс тухайн өдөр юу болсон, биеийн байдал нь ямар байгаа зэрэг талаар  тодорхой мэдээлэлгүй байгаа гэдгээ хэллээ. Түүний ах Э.Гал-Эрдэнэ  биеийн байдал нь хаашаа ч эргэж магадгүй тул одоогоор  мэдээлэл өгөх боломжгүй байна  гэсэн юм. Ямартай ч Э.Цэндбаатар нүүрэндээ гэмтэл авч, олон тооны оёдол тавиулсан учир юм ярьж чадахгүй байгаа аж. Харин энэ хооронд түүний  биеийн байдлыг асууж, Монголын боксын холбооны менежер, эмч нар ирж, ар гэрийнхэнтэй нь уулзаад явжээ.

\

 

Тэгвэл Монголын боксын холбооныхон уг хэрэг явдалтай холбогдуулан өчигдөр шуурхай, хуралдаж зарим шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал тухайн өдөр Э.Цэндбаатарын хамт бэлтгэлийн баазаас нууцаар гарч явсан шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Хандгайт дахь цугларалтаас буулгасан бөгөөд хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос  гаргажээ.Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байгаа юм.

 

\

Э.Цэндбаатарын тухайд 17-хон настайдаа буюу 2013 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 49 кг-д шилдэг боксчдыг ялсаар улсын аваргын анхны түрүүгээ хүртэж байсан юм. Тэрбээр алтан медалийн төлөөх тоглолтод энэ жингийн “босоо“ аварга “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнийг ялж томоохон дуулиан тарьж байсан билээ.Улмаар дараа жил нь буюу 2014 онд боксын дүрэм өөрчлөгдөж, тамирчдад нас заасны дагуу тэрээр насанд хүрэгчдийн улсын аваргад өрсөлдөж чадаагүй. Гэхдээ тэрбээр тухайн онд залуучуудын Азийн АШТ-д оролцон, хүрэл медаль хүртсэн.

Ингээд Инчёны Азийн наадмын дараа олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн бокс сонгон АНУ-ыг зорьсон. Улмаар түүний тоглодог байсан жингийн залгамж халааг хэн авах вэ, амжилтыг нь хэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байв. Харин энэ асуултын хариулт нь Э.Цэндбаатар болж байсан. Тэрбээр жин өгсөн 56 кг-д тоглож эхэлснээсээ хойш 2015, 2016 оны улсын аваргад дараалан түрүүлж, өсөх ирээдүйтэй шилдэг боксчин болохоо харуулсан.  Улмаар Э.Цэндбаатар олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “Баку-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх өвөртлөн, Риогийн дэвжээнд ч мөн шилдэг тулаануудыг үзүүлж, шагналт тавдугаар байрт шалгарсан билээ.

Харин энэ оны УАШТ-д дахин жин өгсөж, олимпийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай ахтайгаа нэлээд хүнд тулаан хийж ялалт байгуулан томоохон шуугиан тарьсан юм.  Ингээд дараалан болох олон улсын томоохон тэмцээн, ААШТ, ДАШТ-д оролцох эрхийн төлөө тоглохоор бэлтгэлдээ гараад байсан ч харамсалтай хэрэгт холбогдож шигшээ багт тоглох эрхээ хасуулаад байна. Түүний оронд Тайландад болох эзэн хааны цомын тэмцээнд өөр тамирчин оруулахаар шийдвэрлэжээ.  

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button