С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн зарим нууц баримт ил боллоо
Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 18 жил олон нийтийн дунд оньсого хэвээр байсан.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэрэгт буруутгагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Гэсэн хэдий ч шүүх хурлын шийдвэр олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа билээ. Иргэд цахим орчинд хэргийн зарим баримтыг нээлттэй болгох ёстой гэсэн саналыг тавьсаар байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.
Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т:
Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ… хэмээн заасан байдаг аж.
Б.Орхон