Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр

Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр тохиож байна.  Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. 

Гуравдугаар сарын 22 буюу өнөөдөр Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.

Бvх хүн анхны нар харж, нараа хүндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж, vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хvсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий  Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн билээ.

 

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button