ААН-үүдийн авто зогсоолын үнэ жолооч нарыг бухимдуулж байна
Нийслэлчүүдэд нэг зовлон бий. Ажилдаа явах, албан байгууллагаар ороход, эсвэл үзвэр үзэхээр болоход машинаа багтааж шингээх газар олддоггүй. Төрийн байгууллагын үйлчилгээг авахад бүр хэцүү болсон. Манайхан ихэнх барилга, байгууламжуудаа замтайгаа нийлүүлээд барьчихсан болохоор үүдэнд нь тавихаас аргагүй. Гэтэл хэдхэн хором саатаад гараад ирэх хооронд замын хөдөлгөөнийг саарууллаа гээд ачаад явчихна. Харин гаднаа жаахан талбайтай байгууллагууд нь энэ зовлонг хэдийнэ бизнес болгоод төлбөрт зогсоол байгуулчихсан.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байна
Эдгээр зогсоолын үйлчилгээний үнэ анх 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг 31-ээс дээш нэг цаг хүртэл 1000 төгрөг байгаа. Түүнчлэн нэг цагаас хойш нэг цаг 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цаг хүртэл 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай байсан.
Нэг үеэ бодвол иргэд төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэх дуртай болсныг зогсоолын ажилтнууд хэлж байна. Учир нь иргэд автомашинаа гадаа тавьж, эрсдэлд оруулахаас илүүтэй аюулгүй, хамгаалалттай орчинд, харьцангуй боломжийн үнээр тавих нь зүйтэй гэж үзэх болсон гэнэ. Нийслэлийн хэмжээнд төлбөртэй зогсоолуудаас олох орлогын 60 хувийг автозамын санд төвлөрүүлдэг. Доорх байршлуудад төлбөртэй зогсоол ажиллаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн нийслэлийн ИТХ-ын захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд юм. Үүнээс гадна сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд гаднах талбайдаа төлбөртэй зогсоол байгуулах нь ихэссэн.
Эдгээрээс Спортын төв ордон, Драмын театр болон Хангарьд ордны өмнөх төлбөртэй зогсоолуудыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ хариуцан ажиллуулдаг аж. Зогсоолуудын ачаалал харилцан адилгүй байдаг гэнэ. Тухайлбал, Спортын төв ордонд уралдаан, тэмцээнтэй байгаа үед ачаалал их байдаг байна. Харин Хангарьд ордны хувьд ихэвчлэн өндөр ачаалалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэж байлаа.
Харин хувийн хэвшлийн компаниудын төлбөртэй зогсоолын хувьд Теди төвөөс бусад нь тийм ч их ачаалалтай харагддаггүй. Түүнчлэн үнийн хувьд ч харилцан адилгүй байдаг юм байна. Тухайлбал, Теди төвийн урд талын зогсоол эхний нэг цагт үнэгүй, дараагийн цагаас эхлэн цагийн 1000 төгрөг. Харин 100 айлын “Амперхаус” төвийн урд талын зогсоол хоёр цагийн 2000 төгрөг байдаг аж. Нэг хэсэг нь ийн хямд байхад үнэтэй зогсоолууд ч бий. Цаг хүрэхгүй хугацаанд 1500, 2000 төгрөгийн тарифтай газрууд ч байна.Түүгээр ч барахгүй ихэнх аж, ахуй нэгжүүд төлбөртэй зогсоолдоо хөнгөлөлт үзүүлдэггүй нь иргэдийг бухимдуулж байна. Тухайн байгууллагаар 10-20 минут үйлчлүүлээд гарахдаа ч бүтэн нэг цагийн төлбөрийг төлж байгаа нь иргэдэд шударга бус санагдах нь ойлгомжтой. Иймд ААН-үүд гадна талын авто зогсоолоо эхний нэг цаг үнэгүй байлгах зохицуулалт хийхийг иргэд хүсэж байгаа юм.
Харин авто зогсоолуудын үнэ, ханшийн асуудлыг нийслэл тэр бүр хянаж чаддаггүй бололтой. Ер нь бол нийслэлд төлбөртэй зогсоолууд байгуулагдах болсон нь хаа хаанаа зөв шийдвэр болсон гэдгийг жолооч нар ч, албаныхан ч хэлж байгаа. Гэхдээ дээр дурьдсанчлан жолооч нарыг бухимдуулж буй зарим асуудлыг шийдвэрлэх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл, нэгдсэн стандарт, таних тэмдэг, тохижилт гэх мэтчилэн. Төлбөртэй зогсоол олон улсын жишигт нийцсэн байх ёстой.