Олон улс бразил махнаас татгалзаж эхэллээ

Бразилын хуулийн байгууллага хугацаа нь дуусч, муудсан мах худалдаалж байсан томоохон сүлжээг илрүүлсэн билээ. Энэ хэрэгт 30 гаруй эрүүл ахуйн байцаагч холбогдон ажлаасаа халагдсан бол гурван мах боловсруулах үйлдвэр хаалгаа барьж, эдүгээ 20 гаруй аж ахуй нэгж шалгагдаж байгаа юм. Бразил нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч улс бөгөөд дэлхийн 150 гаруй оронд мах экспортолдог билээ. Тэгвэл дээрх дуулиан дэгдсэнтэй холбогдуулан хэд хэдэн улс бразил махнаас татгалзаж эхэллээ. 
 
Өнгөрөгч мягмар гарагт гэхэд Бразилын үхрийн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хамгийн том зах зээл гэгддэг Хонконг, Мексик бүтээгдэхүүний импортдоо хориг тавьсан бол Япон ч гэсэн Бразилд шалгагдаж буй 21 аж ахуй нэгжийн махыг улс руугаа импортлохгүй байх арга хэмжээ авчээ. Хонконгийн Хүнсний аюулгүй байдлын төв “Бразилд  боловсруулсан мах махан бүтээгдэхүүний чанарт эргэлзээтэй асуудал гарсантай холбоотойгоор  тус улсаас хөлдүү болон хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн,  тахиа шувууны махны импортыг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авсан” хэмээн мэдэгдсэн байна. 
 
Статистик мэдээллээр,  Хонконг 2016 онд 718 сая ам.долларын үхрийн мах импортолсон байх бөгөөд энэ нь улс, хийгээд бүс нутгийн хэмжээнд хамгийн том зах зээл болж байдаг ажээ. Гэвч, Хонконг импортоо зогсоосон нь  Бразилын махны үйлдвэрлэл, түүнээс олох орлогод том цохилж болж байгааг “франц пресс” мэдээлж байна.  
 
Харин Мексикийн тухайд мөн мягмар гарагийн шөнө Бразилийн Засгийн газраас тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай, аюулгүй гэдгийг шинж­лэх ухааны төвшинд баталж, нот­лохыг шаардсаны зэрэгцээ тахиа, шувууны махны импортод хориг тавьж буйгаа зарлалаа. Аргентин ч тус улсын бүтээг­дэ­хүүний чанар, стандартад тавих хя­налт шал­галтаа чангатгах арга хэм­жээ авахаа мэдэгдээд байгаа юм. 
 
Бразил махнаас татгалзаж буй улсын жагсаалтыг Япон үргэлжлүүлж,  хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний импортод хориг тавилаа.  Бразилд боловсруулсан тахиа, шувууны мах махан бүтээгдэхүүний импортын гол худалдан авагчдын нэг нь Япон бөгөөд зах зээлийн хувьд гуравдугаарт эрэмбэлэгддэг байна.  
 
Японы хувьд жилдээ 72 сая ам.долларын импорт хийдэг ажээ.  Бразилын эрүүл ахуйн байцаагчид улсын томоохон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс авлига авч, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, чанаргүй ялзарч муудсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Үүнээс үүдэн өмнө нь БНХАУ, ЕХ-ны улсууд зэрэг Бразилын хувьд махны экспортын голлох хувийг эзлэх улсууд бүтээгдэхүүний импортоо тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж эхэлсэн билээ. Мөн БНСУ, Өмнөд Америк, Чили ч гэсэн импортоо зогсоожээ.
 
Дашрамд дурьдахад, Бразилын Холбооны цагдаагийн газар хугацаа нь дууссан мах борлуулсан 40 гаруй тохиолдлыг илрүүлэн шалгаж байгаа аж. Тэдний дунд JBS болон BRF гэсэн хоёр том компани багтсан байх бөгөөд  менежерүүд эрүүл ахуйн байцаагчдад хахууль өгч, чанарын баталгааны гэрчилгээ авч байсан байна.  Мах үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайн гэж харагдуулахын тулд химийн бодисууд ашиглаж байжээ.

 

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button