X ангийн сурагчид үнэ төлбөргүй музей үзнэ
Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлжалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүллэгийн 9 танхимд үзмэрүүдээс дээжлэн харуулсан Үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм.
Тус музейн үзүүллэгт буй Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга, Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн Байлдааны ширэн хөө хуяг, Ялтсан гутал, Өндөр Гонгорын хөөрөг, даалин, таван ханатай Монгол гэр, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, хосгүй үнэт үзмэрүүдийг хүүхэд багачууд та бүхэн сонирхон үзэж, эх түүхээрээ аялах боломж бүрдлээ.
Дэлхийд тамгатай түүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудтай хамтран ажиллах гэрээг шинэ нөхцөлтэйгээр хийж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 118 гаруй Ерөнхий боловсролын сургууль байгаагаас 50 гаруй сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна. Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн 10 дугаар ангийн сурагчид зохион байгуулалтайгаар 1-6 дугаар саруудад үнэ төлбөргүй музей үзэх асуудал болон бусад хэд хэдэн хөнгөлөлттэй заалтууд гэрээнд тусгагдлаа. Жишээлбэл: Нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10%-д хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд 5 хүүхдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр болж байна. Сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.
Тус музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” байдаг бөгөөд энэхүү өрөөнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Цөм хөтөлбөр”-тэй уялдуулж 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзүүлж буй энэхүү санаачлагыг бусад музейнүүд дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ