С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч ирэх вий

Ерөөс С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ямap нэгэн дуулиан шуугиан сонгууль бүрийн өмнө босч ирдэг. Улстөрчид энэ хэргээр шоу хийдэг. Тэр байтугай “…Намайг сонговол Зоригийн хэргийг илрүүлнэ” гээд Их хуралд сонгогдсон хүн ч бий.

 

Энэ удаад ч 2016 оны УИX-ын сонгуулийн өмнө энэ хэрэг хөндөгдөж эхэлсэн. Эхлээд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсон. Хэдэн cap хориод сулласан. Араас Ц.Амгаланбаатар, Т.Ч и м г э э , Т.Содномдаржаа нар гарч ирэв. Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутган шүүж анхан шатны шүүхээс ял оноон, улмаар давж заалдах шатны шүүх хэвээр үлдээгээд байгаа. Харин энэ хооронд олон нийтийн зүгээс уг хэргийг дээрх гурван хүн үйлдсэн гэдэгт эргэлзэж байсан юм.

 

Гэтэл ТЕГ-аас Ерөнхийлөгчид энэ хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах хүсэлт явуулж, түүнийг нь Ерөнхийлөгч зөвшөөрчээ. Нууц гээд баахан хуулийн зүйл заалт бичээд байсан нь нэг албан тушаалтан нөгөө албан тушаалтандаа бичиг тоот илгээхэд нууц биш болчихдог тухай энд яриад яахав. Ямар ч гэсэн л нууц биш болгосны дагуу гэнэтхэн нэгэн үдэш МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын прокурор Ж.Сандагсүрэн оролцож, ял сонсоод байгаа гурван хүний хэргийн талаар ярьсан хэлсэн зүйлүүдийг дэлгэж олныг цочроов. Цаанаас “дэглэсэн” байж мэдэх энэ үйл явдалд олон нийт улам эргэлзэж, хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад нэг талын баримтыг гаргалаа гэдэг шүүмжлэлийг хуульчид хэлэв.

 

Ингэтэл өчигдөр прокурор Б.Батжаргалын маш том, маш нарийн зүйлүүдийг дэлгэсэн ярилцлага гараад ирлээ. Мэдээж хэрэг Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Т.Содномдаржаа нар хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон байна. Харин энд анхаарал татсан зүйл гэвэл уг хэргийн захиалагчийн тухай юм. Өнөөг хүртэл ямар ч шүүх хуралд оролцоогүй хэргийн цорын ганц гэрч Б.Булганы талаар “…Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын явцад Б.Булган хэн ч болж болно” гэжээ.

 

Хэдэн сарын өмнө Улсын ерөнхий прокурорын тушаалаар Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг томилогдсон. Тэр ажиллагаа дуусч байгааг Б.Батжаргал прокурор бараг хэлчихсэн байна. Үүнтэй зэрэгцээд улс төрийн хүрээнийхэн, учир мэдэх хүмүүс нэгэн зүйлийг зэрэг хэлээд эхэллээ. Юу гэвэл гуравхан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн л С.Зоригийг хөнөөлгөхөөр захиалсан хүний нэр тодорхой болох нь нэгэнт тодорхой боллоо гэж щуугиад эхлэв. Харин хэн бэ гэдэг тун сонин. Захиалагчийг илрүүлэхэд Б.Булганы оролцоо маш их байгааг прокурорууд бас хэлсэн. Б.Булганы хувьд ял аваад байгаа гурван хүнтэй холбогдож мэднэ, эсвэл гэрчээрээ хоцорно. Учир нь захиалагч хэн бэ гэдэгтэй энэ салшгүй холбоотой гэдгийг хэлж байна.

 

Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч тодроход гайхах зүйлгүй боллоо. Магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялах уу, МАН ялах уу гэдэг нь С.Зоригийг хөнөөлгөхөөр захиалга өгсөн этгээдийн нэрнээс ихээхэн хамаарч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.

Зууны мэдээ

Б.Заяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button