Хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг зарж байжээ

НМХГ-аас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тус шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг 6 байгууллага хамтран явуулсан байна.

Шалгалтад Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 127, төрийн өмчийн бус 70 ерөнхий боловсролын сургууль хамрагджээ. Шалгалтаар

 

  1. Хамрагдсан сургуулийн 34.5 хувь нь зориулалтын цайны газаргүй, 25 хувь нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй,
  2. Цайны газруудын 32 хувь нь хүүхдийн байгууллагад худалдахыг хориглосон /чихэр, бохь, жигнэмэг, хатаасан жимс, чипс, мөхөөлдөс, царцмаг, байгалийн бус гаралтай ундаа, шүүс, ороомог, пирошки/ бүтээгдэхүүн буфетээр худалдаж байгаа нь “ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаал”-ын 4.15 дугаар заалтыг зөрчсөн,
  3. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 35 буюу 17.7 хувь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байранд ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй,
  4. Шалгалтанд хамрагдсан сургуулиудын бага ангийн багш, гал тогооны ажиллагсад нь журманд заасан хугацаанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7.170.000 төгрөгний шийтгэвэр ногдуулжээ. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, цаашдаа бэлэн бүтээгдэхүүнээр /нарийн боов, сүү, тарагаар/ үйлчлэхээр болсон байна.

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button