“Олон нийтийн дэд зөвлөл”-д гишүүнээр ажиллахыг урьж байна

УИХ-аас баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх “ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ДЭД ЗӨВЛӨЛ”-ийг байгуулан ажиллуулахаар тусгагдсан билээ.

Энэхүү зөвлөл нь “авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвхи санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд  хяналт тавих” зорилготой бөгөөд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлагт ажиллаж, тус зөвлөлийн гишүүнээр ажиллах гурав хүртэлх иргэнийг сонгон шалгаруулах юм.

 

“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүний ажиллах чиглэл:

 

  • Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих;
  • Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв ил тод болгосон эсэхэд хяналт тавих;
  • Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод, байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих.

 

Тавигдах шаардлага:

 

  • Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн;
  • Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер, техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
  • Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх;
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Ял шийтгэлгүй аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

 

“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнээр ажиллах сонирхолтой дээр дурдсан шаардлагыг хангасан иргэн холбогдох хүсэлт, мэдээллээ төрийн албан хаагчийн анкетын хамт энэ сарын 24-31-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Зам, тээврийн хөгжлийн яамны 112 тоот өрөөнд ирүүлнэ үү.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 90505665 ДУГААРЫН УТАСНААС ЛАВЛАНА УУ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button