УИХ-ын дарга М.Энхболд оффшорчдыг ангуучлахаар боллоо

-Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна-

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор данстай байж болохгүй гэсэн байр суурийг олон нийт хийгээд зарим нэг улстөрчдийн зүгээс илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, эх орноосоо олсон орлогоо гадаадад нууж байгаа асуудал нь томоохон авлига, гэмт бүлэглэл, улстөр, мөнгө угаах зэрэг гэмт хэргүүдтэй холбоотой байх тохиолдол нэлээд байгааг гадны улс орны оффшорчид бэлхнээ харуулсан. Тиймээс манай улстөрчид болон төрийн албанд ажиллаж буй сайд дарга нар жил болгон хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил гаргаж, хаанаас ямар ашиг олсон, ямар, ямар хөрөнгөтэй болохоо тайлагнан АТГ-т хянуулдаг ч гэлээ энэ нь нөгөө талаар бас л цогц биш. Учир нь өдгөө тус газарт ХОМ-ээ хянуулж буй хэд, хэдэн улстөрчид оффшор данстай. Тиймээс тэд тус бүсэд данс нээснээр хэнд ч хянуулах шаардлагагүйгээр хөрөнгөө өсгөж, юу хүссэндээ зарцуулж болох бүрэн боломж нээлттэй гэхэд нэг дэгсдэхгүй байх.

 

УИХ-ын даргын цагаа олсон зөв шийдвэр

Түүнчлэн АТГ-ын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд “Төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хууль үгүйлэгдэж байна” хэмээн манай сонинд ярилцлага өгч байсан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө хадгалахыг хориглох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж байсан баталж чадалгүй намрын чуулган завсарлаж байсан билээ. Тэгвэл энэ асуудал одоо л нэг шийдэгдэх зам руугаа орж буй бололтой. Ийн хэлэхийн учир нь УИХ-ын дарга М.Энхболд оффшор данс эзэмшсэн хүн төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог "Төрийн албаны тухай хууль"-аар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүнэ” хэмээн мэдэгдлээ. Хэрвээ энэхүү хууль гарвал Монголын оффшорчдод хариуцлага тооцох зөвхөн эхний алхам болох талтай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга ингэж мэдэгдсэн ч гэлээ төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан нь оффшорт данстай байж болохгүй гэсэн хуулийн заалтийг оруулаад өгвөл энэ нь жинхэнэ утгаараа оффшорчдын хөл гарыг боомилсон маш сайн хууль болох нь гарцаагүй юм. Олон нийтийн зүгээс “төр, засгийн өндөр дээд албанд байсан, одоо байгаа хүмүүс болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарынхаа нэр дээр гадаадад нуучихаад байгаа их мөнгийг зайлшгүй оруулж ирэх учиртай. Монголынхоо банкинд байршаад татвараа Монголдоо төлж байг. Бас хууль бусаар олоод гадаадад нуучихсан мөнгө байж болох юм. Түүнийг бол эзэнтэй нь хариуцлага тооцоод улсын орлого болгох ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байв. Хэдийгээр бид Үндсэн хуульд захирагдах ёстой ч монголын баялгаас олж авсан хэдийн хэрийн бохир мөнгө тус газарт нуун дарагдсан бэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан оффшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголийн 49 хүний нэр гарч тэдний хамаатан садан, ах дүү, хүүхдүүдийнх нь нэрс нь ил болж шуугиан дэгдсэн билээ. Яг үнэндээ дээрх дотор нэр нь цохож явсан оффшор данстай улстөрчид өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдлөшгүй үнэн.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэл ам дагуулаад байсан уг асуудал хаврын чуулганаар нэн яаралтай хэлэлцэгдэж оффшорт данстай эрхмүүдийн эрх чөлөө хумигдаж албан тушаалтнууд хамаатан садан, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшорт мөнгө байршуулах, хадгалахыг хориглосон хууль гарах байх хэмээх хүлээлт үүсч эхэллээ.

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button