Д.Загдсүрэнгийн засаглал дахин дөрвөн жил үргэлжилнэ

Монголын Үндэсний Олимпийн хорооны VII дугаар чуулган өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонголоо. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мөн МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, Ц.Дамдин нар сонгогдсон юм. Тус хорооны Дэд Ерөнхийлөгчид нийт таван хүн өрсөлдсөн бөгөөд Б.Баттүшиг – 85 санал, Ц.Дамдин – 69 санал авч олонхийн саналаар сонгогдсон байна.

 

Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн зургаан гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан зургаан хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

 

Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  Чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томиллоо.

 

Ийнхүү монгол улсын спортын салбарыг ирэх дөрвөн жил толгойлох эрхэмүүд сонгогдож, үүрэгт ажилдаа орлоо. Тэгвэл нөгөө талд олимпийн хороог “Д.Загдсүрэнгийн гараас мулталж чадсангүй”, “Д.Загдсүрэнгийн засаглал дахин үргэлжлэх нь”  хэмээн халаглаж суух хүн цөөнгүй байна. Яг үнэндээ Рио 2016 олимпийн наадмын үеэр Монгол улсын баг тамирчдыг илтэд гадуурхсан, оноог нь луйвардсан хэд хэдэн тохиолдол гарсан. Харин үүний эсрэг МҮОХ юу ч хийгээгүй нь Д.Загдсүрэнг ажлаа өгөхөд хангалттай шалтаг болно гэж үзэх хүмүүс ч бас байгаа юм.

 

Ер нь сүүлийн жилүүдэд МҮОХ гэдэг байгууллага ганц Д.Загдсүрэн гэдэг хүний  өмч шиг байх болсон нь нууц биш. Өөрийн тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж, холбооны үйл ажиллагааг урагшлуулах бус ухрааж, тамирчид, спорт холбоодтойгоо гар нийлж ажилладаггүй, олон улсын тэмцээн уралдаанд тэр дундаа олимпийн наадамд  манай тамирчид булхайтай шүүлтийн золиос болсоор байхад МҮОХ дорвитой арга хэмжээ авч чаддаггүй  гэх шүүмжлэл байнга дагах болсон. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Олимпын медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан “Лондонгийн олимпын үеэр монголчуудаа дэмжих гээд очсон юм. Олимпын тоглолтын нэг өдрийн тасалбарын үнэ манайхаар 400 орчим мянган төгрөг  байсан.Тэрийг нь төлөөд өдөр бүр тамирчдынхаа тэмцээнийг үзэж, дэмжинэ гэвэл өндөр зардал гарна. Бидэнд тийм мөнгө байхгүй. Гэтэл улс бүрийн олимпын хороодод өдөр бүр тэмцээн үзэх 10 мандат өгдөг байсан юм билээ. Би уг нь Олимпын медальтнуудын холбоог төлөөлж очсон. Гэтэл Загдсүрэн дарга өөрсдийн хүмүүстээ тэр мандатаа өгчихдөг байсан юм билээ. Энэ мэтчилэн олимпын хороог өөрийн хувийн байгууллага шиг 20-иод жил ашиглаж байна” хэмээн ярьж байсан нь  Д.Загдсүрэнгийн тухай хамгийн наад захын жишээ юм.

Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос сардаа манай олимпын хороонд 200 мянган ам.доллар өгдөг гэсэн мэдээлэл байдаг. Гэтэл олимпын хорооны гишүүн спортын шилдэг холбоод маань олимпын оноо цуглуулах олон улсын тэмцээний зардлаа арай ядан олдгийг хэн хүнгүй мэднэ.

 

 Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button