Герман мэргэжилтэнтэй нэг жилийн гэрээ байгууллаа

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болсон Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоотой нэг жилийн гэрээ байгууллаа.

Хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Майкл Вайссыг гадаадын олон мэргэжилтнүүд дундаас жилийн хугацаанд ур чадвар, Ази тивд ажилласан туршлага зэргийг харгалзан сонгожээ. Ханс Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж 2013 он гэхэд 127 хүртэл өсгөж өндөр амжилт үзүүлсэн билээ.

Түүнчлэн Хятадын олимпын шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багын ахлах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах үүднээс шигшээ багийн дасгалжуулагчдын албанд ажиллана.

Ханс Майкл Вайсс ирэх долдугаар сард Тайланд улсад зохиогдох Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд Монголын шигшээ багийг удирдан оролцож, анхны албан ёсны тэмцээндээ хүч үзнэ. Манай шигшээ тус тэмцээнд Тайланд, Индонез, Малайз улсын багуудтай 19, 21, 23-ны өдрүүдэд тоглох хуваарьтай байгаа юм.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button