“Универсиад-2017” наадмын нээлтийн ёслол боллоо
Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тус наадмын нэгдсэн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо. Нээлтийн ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, ЗБХ-ны гишүүд, Их, дээд сургуулийн ректор, захирал, багш, бусад албаны хүмүүс оролцов.
Нээлтийн үеэр их наадмын волейболын тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын медалийг гардууллаа. Эрэгтэй багуудаас нэгдүгээр байрт ХААИС, хоёрдугаар дугаар байрт ШУТИС, гуравдугаар байрт Их засаг олон улсын их сургууль, эмэгтэй багуудаас нэгдүгээр байрт ШУТИС, хоёрдугаар байрт МУИС, гуравдугаар байрт Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шагналыг Зохион байгуулах хорооны дарга, гишүүд гардуулан өгөв.
Мөн энэ үеэр тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол боллоо. Шүүгчийг төлөөлж Гимнастикийн Олон улсын шүүгч, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ахлах багш, Г.Ерөөлбат, тамирчинг төлөөлж Модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээний мөнгөн медальт, ХААИС-ийн оюутан, Г.Мягмарсүрэн нар тангараг өргөсөн юм.
Их наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор чөлөөт бөх, волейбол, цана, жүдогийн төрлийн тэмцээнүүд явагдсан юм. Дөрөвдүгээр сард шатар, ширээний теннис, гандбол, аэробикийн тэмцээн, тавдугаар сард модон бөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээн тус тус явагдана.
Б.Орхон