Баянцээлийн гудамжинд цагдаагийн эргүүл 24 цагаар ажиллаж байна

Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд БЗД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах зорилгоор “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-ийнхэн үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ.

БЗД-ийн VII хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 57 аж ахуйн нэгж, байгууллага байдгаас 20 гаруй нь үүрийн 04:00 цаг хүртэл ажилладаг байна.

Тус газарт 24 цагаар цагдаагийн хэсэг ажиллаж, явган эргүүл, машинт эргүүлийн алба хаагчид эргүүлийн чиглэлд ажилласнаар иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, амар тайван амьдрах нөхцөл бололцоо хангагдах юм. Мөн цагдаагийн алба хаагчид Баянцээлийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг жигд хангуулах арга хэмжээг зохион байгуулах аж.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс цаашид хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн газруудад иргэдийн хүчийг ашиглан 24 цагийн ажиллагаатай хэсгүүдийг ажиллуулахаар төлөвлөжээ. “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-тэй 102, 8822-0023 дугаарын утсаар холбогдох болон иргэд өөрийн биеэр очиж дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button