Эрдэнэт хүний амины үнэтэй хуурамч сэлбэгийн мөрөөр
Юуны өмнө одоогоос найман сарын өмнө болсон нэгэн аймшигт хэрэг явдлыг энд сануулъя. Бидний хэлж заншсанаар Долоон буудал буюу Шаргаморьт чиглэлийн зуслангийн зам дагуу байрлах “Зунжин” дэлгүүрийн баруун талын замд “Subaru” болон “Toyoto Allion” маркийн автомашинууд мөргөлдөж, нэг нь хуваагдсан ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас “Subaru” маркийн автомашины жолооч 29 настай залуу газар дээрээ амиа алдаж, “Toyoto Allion” автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдсэн ч тун удалгүй нас барсан. Харин одоо ч гэсэн хүмүүсийн дунд таамаг хэвээр байгаа нэг зүйл нь уг ослын улмаас “Subaru” маркийн автомашин гурван хэсэг болон хуваагдсан явдал. Тухайн үед Замын цагдаагийн газраас “Техникийн дүгнэлт гарахаар машин яагаад салсан нь тодорхой болно” гэх хариултыг өгсөн хэдий ч одоо болтол юунаас болсон нь асуултын тэмдэг хэвээр буй.
Ослын талаар цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнөж, хүн бүр өөр өөрийн гэсэн дүгнэлтийг өгч байсан цаг саяхан. Харин тэдний ихэнх нь “хуурамч сэлбэг”, “чанар муутай сэлбэг”, “татвараас бултахын тулд машиныг хувааж оруулж ирдэг, ирээд энд залгадаг” гэх мэтээр хувийн дүгнэлтийг өгч байсан билээ. Энэ нь нэг талаар зөв ч байж болох. Учир нь Монгол Улс дахь нийт автомашины 70 орчим хувь нь хуучин машин байдаг гэх тоо баримт бий. Түүнээс гадна хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг сэлбэгийн 80 орчим хувь нь хуурамч байдаг гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл ч бий.
Гэвч манай улсад албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр машины жижиг эд ангийг оруулж ирдэг байгууллага тун цөөхөн. Жолооч нарын дийлэнх нь “Да хүрээ” болон “Өгөөмөр” захаас автомашины сэлбэгээ авдаг нь үнэн. Жолооч нар үүнийгээ “боломжийн үнэтэй” хэмээн тайлбарладаг юм билээ. Гэвч тэдний хэлж буй энэ шалтгаанаар сэлбэг сонгох нь нөгөө талдаа эрсдэл дагуулж буй. Үүнээс гадна чанартай сэлбэг мөн эсэх нь ч эргэлзээтэй. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа нийслэлд худалдаалагдаж буй автомашины сэлбэгийн чанар хийгээд жолооч нар хэрхэн сонголтоо хийж буйг онцлон бэлтгэлээ.
ӨНӨӨДРИЙН ИНЭЭДЭМ, МАРГААШИЙН ХАНИАД ГЭДЭГ ДЭЭ
Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд жолооч нарын хамгийн их сонгон үйлчлүүлдэг “Өгөөмөр” захыг зорилоо. Өнөөдөр ажлын өдөр хэдий ч “Өгөөмөр” зах олны хөлд дарагджээ. Тус төвийн хаалгаар ормогц л автомашины тосны үнэр хамар сэтлэм сэнгэнэж, машины хар дугуйг хэд давхарлан өрсөн контейнерийн цуваа үргэлжилнэ. Контейнер бүрийн дээр Солонгос, Япон автомашины амортизатор, наклад зарна гэх сурталчилгааны самбар байрлуулсан байх бөгөөд “оргиналь сэлбэг” гэх тодотголтой газар тун цөөн байв. Гэхдээ автомашины сэлбэгийн худалдаачин бүр л “Манайх хамгийн сайн.
Үнэргүй. Тортог гарахгүй” гэх тодотголыг хэлж байсныг энд онцолъё. Бид япон, солонгос сэлбэгийн оргиналь худалдаа гэх хаягтай контейнерийн худалдагчтай уулзлаа. Түүний хэлснээр тус контейнерийн эзэд Япон, Солонгосоос сэлбэгээ оруулж ирдэг гэнэ. Түүнээс гарал үүслийн бичиг байгаа эсэхийг лавлан асуувал гайхсан харцаар “Байхгүй. Манайх зүгээр л нэрийн хуудсаа өгчихдөг. Авсан сэлбэг чинь болохгүй бол эргээд холбогдож болно” гэв.
Үүний дараа амортизаторын төрөлжсөн худалдаа явуулдаг нэгэн контейнерт очсон юм. Тэднийх сэлбэгээ Сингапураас оруулж ирдэг бөгөөд мөн л нэрийн хуудсаа өгдөг юм билээ. Эхний орсон хоёр газар маань хоёулаа гарал үүслийн бичгийн оронд “нэрийн хуудас” сарвайсан юм. Ийнхүү хэд хэдэн газраар ороход бүгд л гайхсан нүд, нэрийн хуудсаар хариу барив. Тэдний зарим нь доог тохуу хийх маягтай байв. Машины дугуйн дээр суусан 25 орчим насны нэгэн залуу “Юун бичиг. Юу яриад байгаа юм бэ. Нэрийн хуудас л ав. Манайх чанартай. Хэрвээ авна гэвэл шууд солиод өгье. Машин чинь хаана байгаа юм” хэмээн хоорондоо шивнэлдэн инээлдэнэ. Магадгүй гарал үүслийн бичгийг нь асуудаггүй, өгсөн бүтээгдэхүүнийг нь шууд аваад л машиндаа тавьчихдаг үйлчлүүлэгчидтэй болохоор миний сурагласан зүйл тэдний хувьд инээдэм байх нь аргагүй.
Гэхдээ өнөөдрийн инээдэм, маргаашийн ханиад болно гэх үг бий. Тус захад зарагдаж буй сэлбэгүүд машиныхаа маркаас хамаараад янз бүрийн үнэтэй. Тосонд хутгалдсан автомашины засварчид жижигхээн зайд газраар нэг тараасан дугуй, машины жижиг хэрэгсэлтэйгээ чихцэлдэн дор бүрнээ нэг зүйл барьж аван хичээнгүйлэн хийж харагдав. Харин зарим нэг нь хажуугаар өнгөрсөн бүхнээс юу авах, ямар сэлбэг хайж байгаа талаар асууж шалгаана. Энд бид худалдаа хийж буй 30 гаруй насны залуутай уулзаж, хэрхэн бүтээгдэхүүнээ сонгож авдаг талаар ярилцсан.
Тэрбээр “Үнэ нь гайгүй болохоор “Өгөөмөр” захаас сэлбэг худалдаж авдаг. Мэдээж улс орны эдийн засаг хямралтай үед бид хэт үнэтэй сэлбэг авч чадахгүй шүү дээ. Чи угаасаа ард иргэдийн амьдрал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Яах вэ, эндээс авсан наклад нэг жил гаруй болчихдог. Гэхдээ хэр удаан эдлэгдэх нь тухайн жолоочоос хамаарна л даа. Хамаагүй донсолгоо ихтэй газраар, хурдтай явбал наклад яаж тэсэх вэ. Уг нь гарал үүслийн бичгийг асууж лавлах нь зөв л дөө. Гэхдээ эд нар сэлбэг худалдаалах зөвшөөрөлтэй болоод зарж байгаа байлгүй дээ. Би бичиг асуудаггүй” гэв.
СЭЛБЭГИЙН ОРГИНАЛЬ, ХУУРАМЧ НЬ ХАМААГҮЙ ГЭВ
Ингээд бид тоосонд дарагдсан контейнер, тосонд хутгалдсан худалдаачид, гарал үүслийн бичиггүй сэлбэгийг орхиж, Монгол Улсад 18 жил үйл ажиллагаа явуулж буй “Форвард моторс” компанийг зорилоо. Бид “Өгөөмөр” захаас гарч нэгэн таксинд суун “Форвард моторс” компанийн төв салбарыг зорилоо. Таксины жолооч ахаас мөн л сэлбэг худалдаж авахдаа юуг анхаардаг талаар асуувал “Би “Өгөөмөр” захаас сэлбэгээ авдаг. Цагаан сарын өмнө 20 мянган төгрөгөөр наклад худалдаж авсан. Ерөнхийдөө харж байгаад л авчихдаг. Зарим нь ч бүр хэцүүхэн л юм байдаг. Гэхдээ гайгүй удаан явчихдаг” хэмээв. Харин ямар нэгэн гарал үүслийн бичгийн талаар дурсаагүй юм.
ХУУРАМЧ, НАЙДВАРГҮЙ СЭЛБЭГ ХҮНИЙ АМИНД ХАЛТАЙ
Ийнхүү бид зам зуурт ярилцсаар яваад “Форвард моторс” компанийн төв салбар дээр ирэв. Тус компанийн засварын төвийн хаалга онгорхой байлаа. Хаалгаар шагайвал 5-6 машин засварт орохоор эгнээгээ эзэлсэн байх бөгөөд засварын төвийнхөн нэлээд ачаалалтай ажиллаж байгаа харагдав. Тус компани нь 1999 оноос хойш Япон автомашин, сэлбэгийн худалдаа бөөний худалдаа, засвар үйлчилгээ, техникийн мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Японы “Eiken industries”, “KYB industry”, “KOITO”, “OBK” зэрэг компанийн оргиналь бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг албан ёсны дистрибьютер аж. Тийм ч учраас бүх бараа бүтээгдэхүүн нь лицензтэй юм билээ.
…Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын улмаас өдөрт хамгийн багадаа 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тоон мэдээлэл ч байна. Эдгээр ослын шалтгааны тодорхой хувь нь хуурамч сэлбэгтэй холбоотой ч байж болох талтай…
Үүнээс гадна дэлхийд болон Монгол Улсад борлуулах барааны тэмдгийн гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг байна. Мөн тус компанийн ажилчид хийж буй ажлаа өөрийн гэсэн онцлогтой гэдгийг тайлбарласан юм. Тухайлбал, авто сэлбэгийн худалдаа хүний амь нас, эрүүл мэнд, эд материалтай шууд холбоотой байдаг аж. Ялангуяа явах эд анги, тоормос болон жолооны удирдлагын сэлбэг заавал оргиналь байх шаардлагатай гэнэ. Учир нь хуурамч, найдваргүй, үүргээ гүйцэтгэхээ больсон сэлбэгээс болж, автомашин чинь жолооч таны хяналтаас гарч та болон тантай хамт яваа зорчигчдод төдийгүй замын хөдөлгөөнд оролцогчдын амь насанд аюул учруулах, эд материалын хохиролд хүргэх хор нөлөөтэй байдаг.
Монгол орны хувьд өргөн уудам газар нутагтай, агаарын хэмийн хувьд халуун хүйтний зөрүү ихтэй учраас автомашины эд ангиудад дуураймал сэлбэг тавьсан тохиолдолд эвдрэл гарвал амь насанд аюул учруулах магадлал өндөртэй хэмээсэн. Одоогоор тус компани амортизатор, наклад, өндгөн тулгуур, рулийн шарнир, перда болон ган диск, свеча ба халаагч, усны помп зэрэг олон төрлийн сэлбэгийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа аж.
“МАНАЙД ЗАРЖ БАЙГАА СЭЛБЭГҮҮД БҮГД ХУЛХИ ЮМ ЧИНЬ ХААНААС Ч АВСАН ЯЛГААГҮЙ”
Эндээс гараад манай сурвалжлах хэсэг дахин такси барьсан бөгөөд жолоочтой хөөрөлдөх гэтэл тэрбээр “Манайд зарж байгаа сэлбэгүүд бүгд хулхи юм чинь хаанаас ч авсан ямар хамаатай юм” гэх хариулт өгснийг онцолъё. Энэ мэтчилэн жолооч нар өөрийн болон өрөөл бусдын амь насанд хэрхэн ханддаг нь тодорхой байв. Магадгүй тэднээс “Таны үнэт зүйл юу вэ” гэж асуувал хүн бүхэн миний гэр бүл, хайртай үр хүүхэд, аав, ээж минь, амь нас минь гэж хариулах байх. Гэвч тэдний сонголт хайртай хүмүүсээ, өөрийнхөө амь насыг өдөр бүр эрсдэлд оруулахад хүргэдэг нь сурважлага бэлтгэж байхад ажиглагдаж байлаа. Манай улсын хэмжээнд 1.4 сая орчим жолооч бий гэсэн албан судалгаа бий.
Энэ тоо жилд 50-60 мянгаар нэмэгддэг тухай холбогдох албаныхан мэдээлдэг. Тэгвэл Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын улмаас өдөрт хамгийн багадаа 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тоон мэдээлэл ч байна. Эдгээр ослын шалтгааны тодорхой хувь нь хуурамч сэлбэгтэй холбоотой ч байж болох талтай. Учир нь онолын хувьд авто осол гарахад нөлөөлөх хүчин зүйлд замын нөхцөл байдал, жолоочийн ур чадвар, техникийн бүрэн бус байдал ордог хэмээсэн байдаг.
“БРЭНД”-Д ДУРТАЙ МЭДЛЭГГҮЙ ХЭРЭГЛЭГЧИД
Шулуухан хэлэхэд монголчууд брэндийн бүтээгдэхүүнд их дуртай. Тэр ч утгаараа Улаанбаатар хотын гудамж бүрт дэлхийн том том брэнд бүтээгдэхүүний сурталчилгаа, танилцуулгыг энд тэндгүй байрлуулсан байдаг. Гэвч брэндэд дуртай иргэд маань брэнд гэсэн үгнийхээ үнэ цэнийг мэддэггүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, нэг брэндийн нэртэй хувцас, үнэртэй ус, чихэр, жимс байх л юм бол шууд худалдан авдаг. Тэдний хувьд брэндийнх нь сав, баглаа боодол чухал болохоос үнэхээр тухайн брэндийнх нь бүтээгдэхүүн үү, эсвэл дуураймал уу гэдэг нь огт хамаагүй мэт. Нэг худалдагч “Энэ алдартай брэндийн цамц. Танц ёстой гоё харагдаж байна” гээд савлаад өгвөл шууд л авчихна. Тэгвэл энэ дүр төрх автомашины сэлбэг худалдан авагчдыг ч орхисонгүй.
Тухайлбал, Японы брэнд сэлбэгийн хайрцагт БНХАУ-д үйлдвэрлэсэн чанар муутайхан наклад хийгээд зарахад хэн ч мэдэхгүй. Энэ байдал газар авсаар байгаа гэдгийг олон хүн мэддэг юм шиг хэлж байв. Тэгэхдээ хяналт, шалгалт муу, хэрэглэгчид мэдлэггүй байдагтай холбогдуулан сэлбэгийн худалдаачид ёстой л сиймхий ашиглана гэдэг болдог бололтой. Угтаа бол худалдааны салбарын хамгийн том хянагч нь иргэд байх ёстой. Тэд бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдлэгтэй байж, түүний талаархи санаа бодлоо хэлж, чанар муутай бүтээгдэхүүнээс зайлсхийх ёстой.
Гэтэл манай улсад нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, худалдаачдын “брэнд” гэх гоё ганцхан үгэнд хэрэглэгчид дарлуулсаар байгаа юм. Хэрэглэгчийн мэдлэг ялангуяа автомашины салбарт тун чухал. Яагаад гэвэл хуурамч сэлбэг, насжилт нь дууссан автомашин шууд л үхэл рүү хөтөлнө гээд хэлчихэд хатуудсан болохгүй. Үнэндээ 20 мянган төгрөгийн хуурамч сэлбэгээр өөрийнхөө болон гэр бүл, ээж, аав, үр хүүхдийнхээ амь насыг худалдаж авч буй хэрэг. Сурвалжлага хийж байх явцад ч хямдхан гэх шалтгаанаар 20 мянган төгрөгөөр амь насаа үнэлж байгаа хүн олон байсныг энд онцолъё.
Магадгүй өдөр бүр гарч буй автомашины ослын шалтгааны дийлэнх нь мэдлэггүй жолоочийн өнөө, маргаашаа бодож авсан хуурамч сэлбэгтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэддээ хуурамч болон оргиналь ялгааны талаархи бяцхан мэдээллийг хүргэе. Тодруулбал, автомашины сэлбэгийг оргиналь, дуураймал, хуурамч сэлбэг хэмээн гурав ангилдаг байна. Оргиналь сэлбэгт нь тухайн сэлбэгийг дагнан үйлдвэрлэдэг үйлдвэрийн сэлбэг болон тухайн үйлдвэрт нэр бүхий фирмийн захиалгаар хийгдсэн сэлбэг багтдаг аж. Эдгээр сэлбэгүүд чанарын хувьд адил боловч үнийн хувьд зөрүүтэй байдаг гэнэ.
Мөн сэлбэг болон сав баглаа боодол дээр нь үйлдвэрлэгч улс компани фирмийн нэр, бараа бүтээгдэхүүний стандарт чанарын тэмдэглэгээ хийгдсэн байдаг аж. Харин хуурамч сэлбэг нь технологийн дагуу хийгдээгүй зөвхөн оргиналь сэлбэгтэй гадна байдлаараа адил байдаг бөгөөд эдгээр сэлбэгийг автомашинд хэрэглэж болдоггүй байна. Мөн оргиналь сэлбэгийг худалдан авахын тулд хайрцаг сав, баглаа боодол брэндийн нэр, тэмдэглэгээг анхаарах, гарал үүслийн гэрчилгээ болон бусад холбогдох баримттай танилцах, диллер, дистрибьютер компанид хандахыг мэргэжилтнүүд зөвлөдөг аж. Мэдээж хуурамч сэлбэгийн хор уршиг гэдэг хэмжээлшгүй. Нэгэн жишээ дурьдахад, ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын хүн амын нас баралтын нэгдүгээрт осол гэмтэл оржээ. Харин нас барсан хүмүүсийн дийлэнх нь авто ослоор нас барсан шалтгаан эзэлж байгааг сануулахад илүүдэхгүй байх.
Монголын мэдээ
Н.Батзаяа