“Чалько”-гийн өр дуусч, Монголчууд Тавантолгойн ордын өрөмнөөс хүртэх гэнэ
Манай улсын хувьд өмнөд хөрш рүүгээ буюу Гашуун сухайт, Шивээ хүрэн, Булган, Бичигт, Хангийн гэсэн таван боомтоор нүүрсээ экспортлож байгаа. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үр ашгийг хүртэж эхлээгүй байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн “Чалько” компанид төлөх ёстой дээрх өрийг энэ сард багтаан төлж дуусгана гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр “Энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно. Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан хоёр жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм. Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална” гэлээ.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 онд БНХАУ-ын “Чалько” компанитай гэрээ байгуулж 250 ам.долларын зээл авсан. Мөн 2012 онд нэмж 100 сая ам.доллар зээлж байсан юм. Энэхүү зээлийг тус компанид экспортлох нүүрсээрээ эргэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан түүхтэй. Тухайн үеийнхээ тооцооллоор бол энэ өрийг 2013 онд багтаан төлж барагдуулахаар төлөвлөөд байв. Гэвч нүүрсний үнэ унаснаар төлөвлөсөн хугацаандаа өрөө төлж барагдуулаагүй байдаг.
Гэвч хугацаа алдсан ч “хар алт”-ныхаа ашгийг хүртэж эхлэх мэдээг сонслоо. Мөн УИХ-ын дарга Японд хийж байгаа айлчлалынхаа үеэр нүүрсний асар их нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргах тухай асуудлаар яриа хэлэлцээр хийгээд амжиж. Иймээс монголчууд бид ойрын ирээдүйд “хар алт”-ныхаа ач тусыг үзэхээр болж байгаа бололтой.
Оллоо.мн