Д.Ганбат: Төмөр замын бүтээн байгуулалтад мэргэжлийн 700-аад ажилтан шаардлагатай

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар холбогдох албаныхантай зөвлөлдлөө.

УБТЗ ХНН-т харьяалагдах Монгол, Оросын хамтын өмчит тус сургууль нь 54 багш, ажилтан, 1500 оюутантай 13 мэргэжлээр бакалаврын сургалт, 3 мэргэжлээр магистрын сургалт тус тус явуулдаг. Харин далайн тээврийн чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд элсэлт аваагүй талаараа сургуулийн удирдлагууд сайдад танилцууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ авто зам, агаарын тээвэр, далайн чиглэлээр мэргэшсэн багш нарын хүрэлцээ, хангамжийн асуудлыг хөндөж байв. Түүнчлэн дээрх чиглэлээр Тээврийн дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэх нь эдийн засгийн бодит шаардлагыг хэр хангаж байгаа эсэхийг БСШУСЯ-тай хамтран судлаж, арга хэмжээ авах чиглэлийг холбогдох албаныханд өглөө. 

Мөн тэрбээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд эхлэхэд төмөр замын мэргэжлийн 700-аад ажлын байр бий болж, чадварлаг, мэргэжлийн боловсон хүчний эрэлт гарах тул үүнийг бодлогоор төлөвлөж, бэлтгэх шаардлагатай байгааг онцолж байв. Тиймээс энэ чиглэлд анхаарч, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан, чанарын асуудлыг анхаарах хэрэгтэйг тус сургуулийн удирдлагуудад даалгалаа.

\

Аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ чанарыг эрхэмлэн үйлдвэрлэснээр тухайн бараа хүлээн зөвшөөрөгдөж, худалдаанд гардаг. Үүнтэй адил сургалтын чанарыг дээшлүүлж, чанартай “бүтээгдэхүүн” үйлдвэрлэхгүй бол ажлын талбарт гараад гологдох эрсдэлтэй гэдгийг сайд Д.Ганбат удирдлагуудад анхааруулав.

Монгол Улсад Авто замын инженерийн чиглэлээр 9 их, дээд сургуульд 1200-аад оюутан суралцаж байгаа мэдээлэл бий. Бээжингийн Зам, харилцааны их сургууль боловсон хүчнээ сургахдаа логистикч-эдийн засагч гэх мэт цогцоор нь бэлтгэдэг байна. Тиймээс тээврийн эдийн засаг, ня-бо зэрэг өргөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэснээр орон зайгаа нөхөж, Зам, харилцааны чиглэлээр боловсрол эзэмших боломжтой талаар албаныхан хэлж байлаа. Ингэснээр тус сургуулийг төгссөн мэргэжилтэн, албан хаагчид авто зам, нисэх болон тээврийн салбарт ажиллах боломжтой болох юм.

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button