УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалав.
Бүлгийн дарга М.Энхболд хуралдааныг нээж үг хэллээ.
Тус бүлгийн хуралдаанаар:
- Швейцарийн Женев хотноо 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр болсон Ази, Номхон далайн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг батлах;
- ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн мэдээллийг сонсох;
- ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр явагдах Залуу парламентчдын чуулга уулзалтын Удирдах зөвлөл, Эмэгтэй парламентчдын товчоо, Ойрхи Дорнодын асуудлын хороо, Парламентчдын хүний эрхийн хорооны сонгуульд тус бүлгээс нэр дэвшүүлэх;
- Ази, Номхон далайн бүлгийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
ОУПХ нь бүс нутгийн 6 бүлэгтэй бөгөөд түүний нэг нь Ази, Номхон далайн бүлэг юм. Уг бүлэгт ОУПХ-ны гишүүн 33 парламент байдгийн дотор Япон, Энэтхэг, БНХАУ, Канад, БНСУ, Австрали зэрэг дэлхийн томоохон улс орон багтдаг юм байна. Түүнээс гадна ОУПХ-ны ажиглагч гишүүдэд гишүүнчлэл нь нээлттэй байдаг аж. Бүлэг нь дарга, нэгдүгээр орлогч, хоёрдугаар орлогч дарга гэсэн удирдлагатай ажилладаг.
Б. Сансар
olloo.mn