Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 УИХ-ын дарга Япон улсад айлчиллаа

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнгөрөгч даваа гарагт (03.27) эх орноосоо мордсон. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзалт хийлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо нарын зэрэг хүмүүс бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолд М.Энхболд оролцсон юм. 

УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 31-нээс Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136-р чуулганд мөн оролцсон. Тэрбээр энэ үеэр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалж, ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт "Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь" сэдвээр үг хэлж, улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийж байна.п

Тусгай сургуулийн сурагчид  жагслаа

Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сурагчид мягмар гарагт  сургуулийн захиргаандаа эсэргүүцлээ илэрхийлж, хичээл хаялт зарлалаа. Тодруулбал, тус сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид  бусдын адил чанартай боловсрол эзэмшихийг хүсэж, эх хэл дохионы хэлийг нь чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтэй байгаагаа сургуулийнхаа захиргаанд удаа дараа илэрхийлжээ. Харин сургуулийн захиргаа тэдний уг хүсэлтийг  авч хэлэлцээгүй байна. Иймээс тэд өнөөдөр хичээл хаялт зарласан байна. 

 Оффшорчдын эсрэг жагсаал боллоо

“Ард түмний онц түр зөвлөл” санаачлан өрнүүлж буй “Оффшорын эсрэг нэгдье” тайван жагсаал өнгөрөгч баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд боллоо. Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуун дараах мэдэгдлийг хийлээ. Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн та бүхнийг Монголынхоо хувь заяаныхаа төлөө, энэ цаг үеийг зөв дэнсэлж, зөв үнэлж, үүнээс цааш хийх юм бол хугацаа байхгүй гэдгийг ойлгож ирсэн шилдэг иргэд гэж бид үзэж байна. Бид оффшор данстай улстөрчдийг шалгуулахын тулд өнөөдрөөс эхлэн өдөр бүр Сүхбаатарын талбай дээр ажиллах болно. Төр засгаа итгэлийн нүдээр харахыг хүсч байна. Та бүхнийг Төрийн ордон руу чулуу бариад дайрах гэж уриалахгүй. Тэгвэл бид ялагдана. Үр хүүхдээ бодож, бид ирээдүйд сайхан зүйлийг өвлүүлэх учиртай. Хэрвээ энэ цаг үеийг алдах юм бол бид баялгийн хараал гэж олон жил ярьсан Африкийн байдал руу эргэлтгүй орох болно. Энд ямар нэгэн албан тушаалд очих гэсэн санаархал байхгүй. Үүний ард 27 жилийн итгэл, найдвар, цөхрөл байна. Тэр цөхрөл энд сөхрөх ёсгүй. Та бүхнийг бидэнтэй үргэлж хамт байна гэж найдаж байна. Бид бүх хуулийн цоорхойг харж, алдааг олох болно. Бид шударга хуультай, маргааштай итгэлтэй ард түмэн болохыг төлөө энэ хавар Сүхбаатарын талбайдаа цуглах болно гэсэн юм.

Чалкогийн өрийг төлж дуусгасныг зарлалаа

 

Монгол улсын Засгийн газрын БНХАУ-ын “Чалко” компанид өгөх өрийн үлдэгдэл 80 сая ам.доллар болсон тухай өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлж байсан. Тэгвэл энэ өрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 100 хувь төлж барагдуулж, дууссаныг олон нийтэд мэдээллээ. Ингэснээр Баруун болон Зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Улсын төсөвт орохоор боллоо.

 “Эрдэнэс Таван толгой”  ХК нь 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг авсан билээ. 

 Энэ дагуу өнгөрсөн хугацаанд зүүн цанхиас олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь олборлогч "TTJVCO" компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байсан юм. 

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ  аль хэдийн 200 ам.доллар давсан ч манай улс нүүрсний үнээ 70 ам.доллараас хэтрүүлж чадахгүй байгаа нь “Чалко”-гоос авсан зээлтэй холбоотой байсан. Тэгвэл энэ өрийг барагдуулж дууссанаар Монгол улс өөрийн дураар нүүрсний үнээ нэмж, дэлхийн зах зээл дээрх ханшаар борлуулах боломж бүрдэж байна. 

Дашрамд дуулгахад “Эрдэнэс тавантолгой” компани 23 сая гаруй тонн  нүүрс экспортлон “Чалко” компанид нийлүүлжээ. 350 сая ам.долларын өрийг 23 сая тонн нүүрсээр төлснийг тооцвол бид 1 тонн нүүрсээ дунджаар 15 орчим ам.доллараар Чалкод нийлүүлж байсан билээ. Гэтэл олон улсын зах зээлд сүүлийн таван жил орчим хугацаанд нүүрсний дундаж үнэ 40-70 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан юм.

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button