Г.Дэнзэн нарын 17 тэрбумын хэрэг 200 саяын пүүний хэрэг болж хувирав уу
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав өдрөө үргэлжилнэ.
Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэн нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 264.2, 266.2-т зааснаар эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэр Г.Уянгынхаа нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг шилжүүлэн завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн бөгөөд шүүгдэгчдийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтийг хэлэлцэн, нотлох баримтыг шинжилсэн юм. Өнгөрсөн баасан гаригт шүүх хурал завсарлахад шүүмжийн шатандаа орсон юм. Тиймээс өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана гэх хүлээлт байна.
Тэгвэл Г.Дэнзэн нарын холбогдсон авлига, албан тушаалын энэхүү хэргийн мөнгөн дүнд өөрчлөлт орсон нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Анх 17 тэрбумын томоохон мөнгөн дүн яригдаж байсан бол өдгөө 200 саяын пүүний хэрэг болоод байна.Тодруулбал Г.Дэнзэн нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан зэрэг 17 тэрбум төгрөгийн хэрэгт буруутган шүүгдэж байгаа билээ.
Гэтэл шүүх хуралдааны явцад “Говь повер” ХХК-ны эзэн хэн болох, ямар учраас дээрх мөнгө тус компаний данс руу шилжин орсон зэрэг ил болж Г.Дэнзэн нар 17 тэрбум бус 200 сая төгрөгийн пүүний хэрэгт унаж байгаа нь шүүх хурлын явцаас олон нийтэд ил болов.
Б.Сансар