Эзэнгүй болсон “Эрдэнэт”
Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил зугтдаг. Тиймээс хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг нь сонгогчдын горьдлогоор тоглож хуурдаг зэвсэг л болно. Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн дам утга нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй… Э.Бат-Үүл ингэж бичжээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ч хэрэгжүүлэх явц “удаашралтай” байсан тул өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан байна.
Тэр дагуу нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж авчээ. Мөн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өнөөдөр УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байна гэнэ. Энэ тухай үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпараци өнөө өглөө л мэджээ.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан худалдан авалтыг хүчингүй болгож, 100 хувь төрд авах тухай УИХ-ын тоггтоол нь арбитрын шүүх, Үндсэн хуулийн Цэцэд оччихоод байхад Засгийн газар ингэж яаравчлах болсон шалтгаан юунд байв?
Сонсохнээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн гишүүдийн цалинг 4000 ам.долларт хүргэх, харин 49 хувийг төлөөлж буй ТУЗ-ын гишүүд ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг үйлдвэрийн удирдлагад тавьж, хэн нь ч хэнийгээ дэмжихгүй гацаанд орсон байна. Хэн нь хэний эрх ашгийг төлөөлж байгааг эндээс хараад л хэлчихэд болно л доо.
Одоо нэгэнт хувийн компанийн эзэмшилд хувьцааг төрийн өмчид бүртгэж авсан учраас 51 хувийн хүсээд байсан шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрт хийдэг байсан төрийнхний шахаа ногоон гэрлээр явах нь. Өмнө нь Оростой хамтарч байхад бас ч гэж, 49 хувийг эзэмшиж байсан нөхөд Монголын төрийнхний хийдэг шахааг явах газарт нь явуулж, зогсоох газраа зогсоодог байсан гэж тооцьё л доо. Ядахдаа данс тооцоогоороо ил гардаг юм байгаа биз дээ. Одоо бол ямар ч хяналтгүй, эзэнгүй боллоо.
Эрх баригчдын ингэж улаан цаймдаа гаргах болсон шалтгааныг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж болох юм. Сонгогчдын саналыг худалдаж авахад хэдий их мөнгө хэрэгтэй, тэр хэмжээний мөнгийг “Эрдэнэт”-ээс босгох болно. Үүнд ямар ч ичиж нэрэлхэх юм байхгүй гэдгийг бид өмнөх туршлагаас нь бэлээхэн мэднэ. Гаалийн Х.Баатар ямар хэргээр шоронд орлоо доо.
Саяхан даа, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол гарах үед олон хүн “Арай ч оргүй хоосон дээрэмдчихгүй байлгүй дээ, эрхбиш хууль ёстой улс орон шүү дээ. Хувийн компанид нь нөхөр олговор өгөөд авбал барав шүү дээ” хэмээн тайвшруулж байсан. Гэтэл Засгийн газарт тэр талаар ямар ч төсөв, төлөвлөгөө байгаагүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас нь тодорхой болов. Өнөөдөр нэг компанийн өмчийг дур мэдэн хурааж авч байгаа төр маргааш та бидний орон гэр, хашаа хороо руу дайрч ороод хураагаад явахад гайхах юм алга. “Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад бүү хүс” гэдэг үгийн утга энэ.
Төрийн дээрэм иституцийн шинжтэй болсон ийм үед ардчилсан ёс, өмчийн эрхийн тухай ярих ч, хуулийн байгууллагын сүр хүчинд найдах нь ч утгаа алдаж байгаа юм. Юу тарина, түүнийхээ үрийг хураадаг гэж үг бий. Гадныхныг дээрэмдэхэд нь алгаа ташин хүлээж авч байсан бидний монголчууд одоо дотоодын тонуулын гэрч боллоо. Удахгүй өөрийнх нь орон гэр, өмч хөрөнгө рүү уулгалаад эхлэхээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харин харж л байхаас.
Нийтлэлч Сэмүүн