УИХ хамгийн эхэнд ОУВС-ийн шаардлагыг биелүүлнэ

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Хаврын чуулганы хуралдааны хамгийн эхэнд Монгол Улсын эдийн засгийг “аврах” 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргаад байгаа.

Цагаан сарын дараа ээлжит бус чуулган хуралдаж, ОУВС-гаас тавьсан шаардлагуудын дагуу 2017 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байв. Гэвч гишүүдийн ихэнх нь орон нутагт ажиллаж байсан учраас дээрх асуудлыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэхээр болсон юм.  Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн мэдүүлээд байгаа. УИХ-аас батлагдан гарсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ. Ингэхдээ 6 төрлийн татварыг нэмэгдүүлж, орлого бүрдүүлэхээр тусгасан байна.

 Мөн төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.

 Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэнэ хэмээн  үзжээ.

Тэгвэл өнгөрсөн сарын эхээр /2017.03.09/ ОУВС-ийн суурин төлөөлөгч УИХ дах АН-ын гишүүдтэй уулзах үеэрээ “Ирэх сарын 10-наас өмнө Монгол Улсын Их хурал 2017 оны төсвийн тодотголоо батлах ёстой. Төв банкнаас арилжааны банкуудад хөндлөнгийн гадны байгууллагаар аудит хийлгэж эхэлсэн байх. Мөн төв банк төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн урьдчилсан гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн асуудал ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Нэг үгээр төсвөө тодотгосны дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэх эцсийн шийдвэрээ гаргана.

 “Мэргэжил”-ийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн ярьж эхэлсэн ажил энэ сард ажил хэрэг болох эсэх нь шийдэгдэнэ. Төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээнд аваачихад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа. Иймээс юун түрүүн 2017 оны төсвийг тодотгож, эдийн засгаа эмчлэхэд гол анхаарлаа хандуулах нь УИХ-ын үүрэг болоод байна. Ингэж байж ОУВС-ийн эдийн засагт эмчилгээ хийх хөрөнгийг шийдэж өгөх юм.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button