Сагсанбөмбөгийн холбоодын маргаанаас болж Монголын шигшээ багийн эрхийг 10-20 жилээр хасах тухай яригдаж байна

Монголын сагсан бөмбөгийн спортын нэр хүнд Инчеонд болсон Азийн 17 наадмын тоглолтоос эхлэн өссөн. Энэ нь Монголын эмэгтэй, эрэгтэй  шигшээ багийнхан  уг наадмын спортын төрөлд оролцоод шигшээ наймд шалгарсан нь өмнө нь үзүүлж байгаагүй том амжилт болсон юм. Тэгвэл тэдний амжилтыг дагаад Монголд байх сагсан бөмбөгийн хоёр  холбооны асуудал хурцадсан юм.  Сүүлдээ явсаар уг асуудал нь Олон улсын сагсанбөмбөгийн холбооны чихэнд хүрсэнээр асуудал эцсийн шатандаа тулж ирээд байна.

 

Тодруулбал, олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамир нарт албан бичиг илгээн, дотоодын маргаантай асуудлаа шийдэхгүй бол манай шигшээ багийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасахаа мэдэгдэж, энэ сарын 4-нөөс өмнө ямар нэгэн албан ёсны хариу ирүүлэхийг шаардаад байгаа.

 

Хэрэв  дээрх хоёр холбоо дотоодын маргаантай энэхүү асуудлаа шийдэхгүй бол Монголын шигшээ багийн олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг 10-20 жилийн хугацаатайгаар хасах тухай яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл

шуудайнд хийсэн эвэр шиг арсалдаж, хоёр тийшээ хараад сууж буй дээрх хоёр холбооны эрх мэдэл, албан тушаалын төлөөх маргаанаас болж Монголын шигшээ багийнхан тэмцээнд оролцох эрхээ 10-20 жилээр хасуулж ч магадгүй хүнд байдалд ороод байгаа гэсэн үг. FIBA хоёр холбооны хариуг үндэслэн, хэрхэхээ маргаагийн хурлаараа шийднэ. 

Хэрвээ МСБХ-ны удирдлагууд өнөөдрийн дотор учир зүйгээ олж, FIBA-д хариу илгээхгүй бол Монголын сагсан бөмбөгчид амжилт, зүтгэл, ид хийж бүтээх залуу нас, эрмүүн хөдөлмөрөөрөө хохирох нь. 

Сагсанбөмбөгийн холбоодын энэхүү үйлдлийг сагсанбөмбөгчид ч эсэргүүцэж санал хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Тодруулбал Төв аймгийн “Төв ургац” багийнхан  дээрх холбоодыг зөвшилцөлд хүртэл “Супер лиг”-т  тоглохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэд мэдэгдэлдээ

 

“Монголын сагсан бөмбөгт үүсээд буй дотоод зөрчлийг 2017 оны 4-р сарын 4 ний өдрөөс өмнө шийдвэрлэж эс чадваас ФИБА буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монгол улсын шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцох эрхийг 10-20 жил хүртлэх хугацаагаар хасахаа мэдэгдсэн байна.Монголын сагсан бөмбөгийн ирээдүй хойч үеийн төлөө дорвитой алхам хийх шаардлага энэ цаг мөчид үүсээд байна.Иймд Төв аймагчууд эзэнтэй Төв ургац баг нь МСБХ болон МҮСБХ нарыг холбогдох зөвшилцөлд хүрч олон улсын тэмцээнд МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ оролцох эрх нээгдэх хүртэл өөрийн оролцож буй Супер лигт тодорхойгүй хугацаагаар тоглох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.

 

Монгол улсад багийн спорт хөгждөггүй гэдэг үгийг үгүйсгэж чадсан Монголын сагсчдын амжилт өнөөдөр цөөхөн жилийн настай байсанд сагсанбөмбөг сонирхогч хүүхэд, залуус ихээхэн бухимдалтай байна. 2014 оны Инчёны Азийн наадмын шилдэг наймд шалгарч Монгол түмнээ баярлуулсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн амжилтын буухиа тасралтгүй үргэлжлэн 2015 оны 07-р сард БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн Универсиад наадамд манай Залуучуудын шигшээ баг гурван хожил байгуулж шилдэг 16-д шалгарсан бол 9-р сард болсон БНХАУ-д болсон Азийн аварга шалгаруулах оюутны 3х3 тэмцээнд мөнгөн медалийг анх удаа хүртсэн. Мөн өсвөрийн тамирчид Австри Улсын Клангефурт хотноо спортын 10 төрлөөр, 46 орны 7000 гаруй тамирчдыг хамарсан “United World Games” наадмаас гайхалтай хожил байгуулж анх удаа хүрэл медалийн болзлыг хангасан гээд Монголын сагсчид олон, олон амжилтын эзэн болоод байгаа билээ. Гэсэн ч энэ амжилт эрх мэдэл, албан тушаалын төлөөх хэдхэн хүний тэмцэл дунд замхарч алга болох дээрээ тулж ирээд байна. 

Б.Сансар

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button