Д.Эрдэнэбат: Амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төсөлд байр сууриа нэгтгэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол бусад жирийн дэглэмээр орж ирдэг төсвийн тодотголоос ялгаатай. ОУВС-аас тавьсан нөхцөлийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна. Энэ нь АН-ын бүлгийн онцгой анхааралд байгаа. Манай бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт иргэдтэй уулзсан. Эрх баригчид 2016 оны сонгуулийн амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна. ОУВС-ийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.

Өнөөдрийн хурал ОУВС-гаас тавьсан нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой гэж бодож байна. Ялангуяа ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ зардал нь өссөн мөртлөө иргэдээс авах татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчдын түрэмгий үйлдэлд нийгэм бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэх магадлал өндөр байгаа. Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-ийн нөхцөлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна.

Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчид Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-ийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна” гэлээ.

Үүний дараа АН-ын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button