“Ширхгийн архи” зарахыг хориглоё

Дэлхий нийтээрээ л архи, тамхины эсрэг өөр өөрсдийнхөөрөө тэмцэж байгаа. Манай улс ч ялгаагүй чадахаараа л тэмцэл өрнүүлж байна. Өмнөх парламентын үед тамхины эсрэг хууль баталж, сургууль, цэцэрлэгийн ойролцоо, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Мөн ширхгээр тамхи зарахыг ч хориглочихлоо. Мэдээж хууль бүрэн утгаараа биелээд, иргэд тамхинаас татгалзаад байгаа юм алга.
 
Тамхи татах цэг гэж байгуулсан ч цоожтой хэвээрээ л байна. Гэхдээ яах вэ, хууль гаргасны хүчинд олон нийтийн газар тамхи татдаг хүн байхгүй болсон. Зоогийн газар, паб, ресторанд сууж байхад эргэн тойрныхон тамхины утаагаар булдаг асуудал ард хоцорчээ. Тэгэхээр хууль тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгээд байна. Цаашлаад хяналт сайтай бол бүрэн утгаараа хэрэгжих боломжтой. Тэгвэл өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд архины эсрэг хууль санаачлаад, нэг хэсэг л үзсэн. Гэвч хараахан батлуулж чадаагүй юм.
 
Ер нь бол Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль гэж бий. Гэхдээ энэ хуулийг шинэчлэх цаг болсон. Өнөөдөр Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа. Дунджаар жилд нэг хүнд 30 гаруй литр, архи, шар айраг ногдож байгаа.  Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр МХЕГ-аас санаачлан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. 
 
Тэр үеэр өгсөн мэдээллээр бол манай улсад 48 архины үйлдвэр байгаа аж. 2012 онд 75 байсныг бодвол 40 хувиар буурсан үзүүлэлт юм билээ.  Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн зургаа, дарсны тав, шар айрагны долоо,  нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үүний зэрэгцээ ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1  байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ. 
 
Манай улс энэ үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 182 орноос 76-д жагссан байна. Энэ бол хэрэглээ ямар өндөр байгааг харуулж байна.  Ядаж байхад манай улс архи, шар айргийг уух сэдлийг бүхий л талаар дэмждэг. Дээрээс архи уух боломжоор ч хангаж байгаа юм. нийслэлийн захын газраар ороход л архи, шар айраг, согтууруулах ундаа зардаг. Арай л цайны газарт шар айраг зарах нь холгүй байгаа. 
 
Нөгөө талаар архи үйлдвэрлэгчид төрөл бүрийн хэмжээгээр савласан архи гаргадаг. Тухайлбал, 100, 200 граммын жижиг архинууд дэлгүүр болгонд байна.  Ядаж байхад үнэ нь хямдхан. 2-3 мянган төгрөг төлөөд л авчихна. Түүнээс ч хямдхан архи бий. Энэ нь архинд донтох өвчний эхэн үедээ яваа хүмүүст нэрмээс болж байна. Цаашлаад дунд, ахлах ангийн хүүхдүүд ч худалдаж аваад уучихаар хэмжээнд байгаа байхгүй юу. Ер нь л архийг багаар савлаж, хямд зарж байгаа нь архидалтыг хүндхэн, авсаархан савалгаатай. 
 
Архины үнийг нэмснээр архидалттай тэмцэнэ гэж байхгүй. Хуурамч, хямд үнэтэй архи гарч ирнэ гэж ярих хүмүүс бий. Гэхдээ хүн болгон бааранд орчихоод 50, 60 мянгаар архи аваад, олон шилээр нь уугаад байдаггүй биз дээ. 330 граммтай шар айраг 7-8 мянган төгрөгийн үнэтэй цэнгээний газар хэр баргийн хүн ороод, 10, 20 пиво аваад байдаггүй юм. 
 
Тийм болохоор үнэ, савлагаанд анхаарах цаг болсон. Ядаж л “ширхгийн архи” зарахыг хориглох хэрэгтэй. Хамгийн багадаа 0.75 литрээр савласан, тэр нь үнэтэй архи зардаг бол архидалт багасах боломжтой. Манайхан хууль гаргаад, түүнийгээ хянаж чаддаггүй болохоор л бүтэхгүй, болохгүй. Архины үнэ нэмээд архидалт багасахгүй. Савлагаа нь томрох тусмаа буруу гэх мэтээр яриад байдаг. 
 
Хууль гаргалаа, жижиг савлагаатай зарахыг хориглолоо, хяналтаа сайн тавилаа, гүйцээ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг. Түүнтэй адил хууль гаргачихсан байхад ямар нэг хэмжээгээр хэрэгждэг л байхгүй юу.

Монголын мэдээ

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button