Д.Сүнжид: Бидэнд үйлчилж байгаа төрийн албан хаагч мэдлэгтэй, ёс зүйтэй байх ёстой

“Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд” сэдвээр өчигдөр эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд зохион байгуулав.  Хурлын үеэр Иргэдийн оролцоо төслийн зохицуулагч доктор Д.Сүнжидээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудлаар илтгэл тавилаа. Энэ талаар хийгдсэн судалгааны дүнгээсээ танилцуулаач?

-2014 онд иргэдийн дунд хийсэн судалгаагаар иргэдийн 11,8 хувь  “Төрийн үйлчилгээг хангалттай хүртээмжтэй авч  байна” гэсэн хариултыг өгсөн байна. Харин төрийн албан хаагчдын 81,6 хувь нь “бид иргэдэд хүртээмжтэй чанартай үйлчилгээ өгч чадаж байгаа” гэсэн хариулт өгсөн. Энэ хоёр судалгааны хариулт болох тоо нь 70 гаруй хувийн зөрөөтэй байна. Тэгэхээр үүнээс үүдэн ямар шалтгаанаар ийм зөрөөтэй  байна вэ, гэх асуулт гарч ирсэн. Шалтгааныг нь гурван янзаар харж байгаа юм. Нэгдүгээрт, төрийн албаны хууль тогтоомж хэр тогтвортой, хоорондоо хэр зэрэг уялдаатай байна вэ гэх асуудал. Хоёрдугаарт, институт буюу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдал. Гуравдугаарт, төрийн албан хаагчийн өөрийнх нь мэдлэг ур чадвар, ёс зүйн асуудал. Энэ гурван бүтцээс шалтгааныг нь хайж байна. Эдгээртэй уялдаад одоо үйлчилж байгаа хууль тогтоомжоо сайжруулах асуудлыг ярина. Хуулиудын хоорондын уялдаа холбоо нэг үзэл баримтлал нэг суурийн хүрээнд  сайжруулах асуудал яригдана гэсэн үг.

-Төрийн мэргэшсэн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллах асуудал сүүлийн үед анхаарал хандуулах зүйлийн нэг болоод байна?

-Төрийн албан мэргэшсэн боловсон хүчин тогтвортой ажиллаж чадахгүй байна. Сонгуулийн дараа төрийн албан хаагчдын хөдөлгөөн эрс ихсэж, шүүхэд очиж байгаа гомдлын тоо нэмэгдэж байна гэх мэт асуудал ихээр яригддаг. Хэдийгээр мэргэжлийн тогтвортой байдлыг хуульд тусгасан байгаа боловч  түүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаагийн нэг жишээ энэ шүү дээ. Хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа тохиолдолд яах вэ?  Хяналтыг нь гуравдагч этгээдэд шилжүүлэх үү? Төрийн албан зөвлөлийн хяналтыг нэмэгдүүлэх ёстой юм уу? гэх мэт асуудлууд яригдана. Мөн нөлөөллийн буюу хариуцлагын асуудал заавал яригдаж таарна. Нөлөөллийн арга хэмжээ сул байхаар хуулийн хэрэгжилт сул байдаг гэдгийг туршлагаас харж болно.

-Төрийн алба тогтворгүй байгаатай зэрэгцэн иргэд төрийн үйлчилгээг хангалттай хүртэж чадахгүй байх асуудал яригддаг?

-Чиг үүрэг, орон тоо, бүтцийг байнга өөрчилж байна гэдэг асуудал өдөр бүр яригддаг. Засгийн газар шинэчлэн байгуулагдах бүрт энэ үйл явц урган гардаг. Энэ бол төрийн албан хаагчийн итгэлд маш муугаар нөлөөлдөг. Төрийн албан хаагч маргааш ямар үүрэг хэрэгжүүлэхээ ойлгодоггүй. Найман жилийн хугацаанд найман удаа ажлын байрны гүйцэтгэж байгаа үүрэг нь өөрчлөгдсөн төрийн албан хаагч байх жишээтэй. Энэ нь мэргэшсэн тогтвортой ажиллана гэсэн итгэл төрүүлж чадахгүй байна гэж харагдахаар байгаа биз. Итгэл үнэмшилгүй төрийн албан хаагч мэдлэг ур чадвараа дээшлүүлж туршлагатай болъё, үүнийгээ иргэддээ зориулъя гэсэн хандлаг ёс суртахуун байх уу? Гэхдээ нэг удаагийн далайлтаар энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй. Төрийн албан хаагчийн ёс суртахуун, хандлагад зориулсан сургалтууд  байнга үргэлжилж явах ёстой.

-Төрийн удирдах албан тушаалтны ажлын байранд тавигдах шаардлага байнга өөрчлөгдөж байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол. Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Монгол хэлний багш байх ёстой гэдэг ч юмуу. Шаардлагууд нь өөрчлөгдөөд байдаг. Энэ талаар?

-Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалтны ажлын байранд тавигдах шаардлагыг нэгдмэл байдлаар гаргах ёстой. Үүнийхээ дагуу сонгон шалгаруулалтаа зарладаг байх ёстой. Ажлын байранд заасан чиг үүргийг хэрэгжүүлж чадах хүнийг авъя л гэж байгаа. Бидэнд үйлчлэх төрийн албан хаагч мэдлэгтэй, ёс зүйтэй байх нь бүх хүнд хамаатай. Тийм учраас нийтийн эрх ашиг, эрх зүйн асуудал заавал хөндөгддөг. Иймээс төрийн албан хаагчийн тухай асуудал яригдахад үндэсний аюулгүй байдалтай холбогддог. Дээрээс нь төрийн бодлогыг авч явах гол салбар гэж үзэж анхаарлаа хандуулах ёстой гэж үздэг.

-Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгад дээрх асуудал туссан болов уу? Төрийн албан зөвлөл захиалагчаас ирсэн захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарладаг гэх тайлбар өгдөг?

 –Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хуульд зарим асуудал орсон байна лээ.Үүнийг http://parliament.mn/ сайтаас харж болно.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button