Ц.Элбэгдорж: Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно
Ямар асуудлыг яаралтай, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна вэ?
Нэг: Хариуцлагын асуудал. Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.
Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй.
УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл.
Хоёр: Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна.
Засахын тулд:
А. Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Албан тушаалтны шийдвэр, тамганы дардас, гарын үсэг бүхэн бизнес болсон. Иймээс хямралыг давах гэвэл төр бизнес хоёрыг салгах хэрэгтэй.
Б. Дээрхи байдлыг өөрчлөхийн тулд өмнө явж ирсэн буруу бодлого, үйл ажиллагааг давтаж болохгүй. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.
В. Сайд гэж манайд сүрхий гажуудсан албан тушаал байна. Ер нь сайдын албан тушаал бол эрхэлсэн сайдын хэмжээнд л байх хэрэгтэй. Сайд тушаал захирамж гаргах эрхгүй.
Г. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг давтан хэлье.
Д. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.
Е. Төрийн бүх шатны албан хаагч, албан тушаалтны ажиллах орон зай, өрөөний хэмжээ, унах дуудах унаа машин, оролцох эс оролцох, төрөөс зардал гаргах эс гаргах бүх зүйл, үйл ажиллагааны стандарт, журам, хязгаарлалт хоригийг тогтоож хатуу мөрдөх хэрэгтэй.
Ё. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “үр ашиг” гэдэг нэг л хэмжүүрээр дүгнэе. Хэрэв энэ хэмжүүрт хүрэхгүй бол өмчлөл, удирдлагыг нь өөрчил.
Гурав: Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо бол төсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу мөрдөх ёстой.
Энд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зарим асуудал байна. Үүнд:
1. Төсвийг хасах. Төрийн албыг томруулахгүй байх сонгодог арга бол төсвийг хасах. Тал хувиар нь хасаад өгөх хэрэгтэй. Батлагдсан төсвөөрөө өгөгдсөн үүргийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлдэг зуршилд суралцъя.
2. Төрийн бүх шатанд төрийн албан тушаалтан ганцаарчилж тушаал, захирамж, шийдвэр гаргадгийг хуулиар хязгаарлая.
3. Төрийн албаны хуулийг шинэчлэн баталж хэрэгжүүлэх.
4. Төрийн албан хаагчдыг ёс зүйн нэгдсэн дүрэмтэй болгох ажлыг хойшлууламгүй байна. Одоо ёс зүйн хэмжүүрийг төрийн албанд авч ирэх цаг болсон. Үүнийг Ерөнхий сайд гардан хийх бүрэн боломжтой.
5. Төрийн зардал эрс нэмэгдсэний суурь нэг шалтгаан бол манай төр бүхэнд өөрөө оролцдог, оролцож хийх гэж зүтгэдэгт байгаа юм. Хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай, мэргэжлийн төрийн албагүйгээр Монгол Улсын урагшлах хөгжлийг төсөөлөх аргагүй юм. Сонгуулийн мөчлөг бүртэй давхцаж ирдэг дайрлага энд эцэс болох ёстой
Дөрөв: Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иргэдийн уур бухимдлын бай бол чухамдаа улс төрийн нам, тэнд тогтсон буруу хандлага болоод байна.
2016 оны УИХ-ын сонгуулиар нийгэмд болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл зорилготой сонгогдсон олон эрхэм гишүүн энд бий. Энэ олон болохгүйн үүдэл улс төрийн намтай холбоотойг Та бүхэн сайн мэднэ.
Тав: Засгийн Газартай холбоотой юм. Чадвартай Засгийн газар л улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чадвартай Засгийн ажлаас үр дүн гардаг.
Чадах бүхнээ тултал нь хийгээд дүнгээ ард олноороо тавиулах бол шударга, сайхан. Харин тогтолцооноосоо болж юу ч хийж чадахгүй цаг алдах бол хайран. Гүйцэтгэх эрх мэдлээ эрхэм гишүүн бүрийн тоогоор 76 хувааж талын нэг тараачихаад улс орон урагшлах, хөгжих гэдэг худлаа болохыг Та бид харахаараа, үзэхээрээ, мэдэхээрээ нэг болж байна. Иймээс энэ асуудлыг Монголын онцлогт тохирсон, олны сайн жишигт нийцсэн байдлаар шийдвэрлэх ёстой. Энэ талын туршлага сургамж, ойлголт мэдлэгээр бид баян. Харин хэзээ вэ! Хэн хийх вэ! Та нар энэ асуудлыг зөв шийдэхгүй бол дараачийнх нь шийдэж л таараа.
Өнөөдөр би энэ хүндэт индэрээс Та бүхнийг манай улсад аюулын харанга дэгдээд удаж байгаа хоёр асуудалд анхаарлаа мөн онцгой хандуулахыг хүсэх гэсэн юм.
Нэг нь: хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ; Нөгөө нь: үр хөндөлтийн асуудалд. Энэ хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсөж төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.
Төв суурин газар дэх дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн эсвэл өртөж байна гэсэн судалгаа ч үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа Та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрхи асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг.
Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын 7 нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа аж. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа мэдээлэл тасрахаа болилоо.
Үр хөндөлт хэмээх чимээгүй энэ аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй.
Монголын хувь заяанд дайнаас илүү нөлөөлж байгаа дээрхи аюулд манай УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүн бүр онцгой анхаарна, ахиц дэвшил, өөрчлөлт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэгээс гойд манлайлал гарна гэдэгт итгэж байна” гэлээ.
Оллоо.мн