УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт дахин нэг зүйл анги нэмэгджээ

-Хоёр зүйл ангиар шалгагдаж байсан Б.Гарамгайбаатарт дахин нэг шинэ зүйл анги нэмсэн нь хүү, эгч хоёрыг нь сэжигтнээр бус яллагдагчаар татах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй-

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгай­баатарыг хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Тодруулбал, тэрбээр Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн гэх хэргээр баривчилсан гэсэн үг. Түүнийг одоогоор хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд дахин нэг шинэ зүйл анги нэмжээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнд шинээр 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангийг нэмж шалгах болсон байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол түүнийг өнгөрсөн сарын 6-ны өдөр батлан даалтад гарахад Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих саналтай байгаагаа шүүхэд уламжилж байсан ч шүүх Б.Гарамгайбаатарын эрүүл мэнд муудсан хэмээн прокурорын хүсэлтийг хүлээж авалгүйгээр батлан даалтад гаргасан. Тиймээс түүнийг батлан даалтад гарах өдөр нь яллагдагчаар татаж дээрх зүйл ангийг нэмжээ. Угтаа бол 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн уг замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт ийнхүү буруутган тус компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн төдийгүй дахин нэг шинэ зүйл ангийг Б.Гарамгайбаатарт нэмсэн нь энэ удаа асуудлаас хаашаа ч гарах гарцгүй болгож буй юм. Түүнчлэн тус хэрэгт дан ганц Б.Гарамгайбаатар бус түүний хүү “Монроуд” ХХК-ийн захирал Г.Тэнгис, Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг /тус компанийн нягтлан бодогч/ нарыг шалгаж эхэлсэн нь хэрэг цаашаа улам даамжирахыг харуулж буй юм.

Юутай ч гурван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн уг хэргийг АН-ыг засаг барьж байх үед шийдэхээр хуулийнхан хэд, хэдэн удаа шалгахаар оролдож байсан ч тухайн үед Б.Гарамгайбаатар эрх мэдэл албан тушаалаа ашиглаж Хөгжлийн банкнаас хууль бусаар мөнгө аваагүй, Засгийн газрыг хууран мэхлээгүй хэмээн хэвлэл мэдээллийнхэн болон хуулийнханд хэлж байсан удаатай. Хэрвээ тэрбээр тухайн үед энэхүү асуудлаа хууль хяналтынхнаар шалгуулж шийдүүлсэн бол өөрийн хүү болон төрсөн эгчийгээ хэрэгт татан оролцуулахгүй байсан гэдгийг намын нөхөд нь хэлж байв. Тэгэхээр хоёр зүйл ангиар шалгагдаж байсан Б.Гарамгайбаатарт дахин нэг шинэ зүйл анги нэмсэн нь хүү, эгч хоёрыг нь сэжигтнээр бус яллагдагчаар татах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Ийн хэлэхийн учир нь Хөгжлийн банкнаас дээрх мөнгийг гаргуулж авах үед замын өртөг тайлан тооцоог гаргаж өгсөн хүн нь түүний хүү, эгч хоёр нь.

Тиймээс хүү Г.Тэнгисийг нь аавынхаа эрх мэдэл албан тушаалыг ашиглан Засгийн газрыг хууран мэхэлж Хөгжлийн банкннаас 43.6 тэрбум төгрөгийг ямар үндэслэлээр авсан тухай тайлбар хавтаст хэрэгт авагджээ. Хэрвээ түүний тайлбар нь олон нийтэд ил болбол маш сонин хариулт гарч ирнэ гэдгийг эх сурвалж хэлж байв. Хэдийгээр хавтаст хэрэгт байгаа яллагдагч болон сэжигтний өгсөн мэдүүлгүүд хаалттай байгаа ч энэ нь хэрэг шүүх рүү шилжиж, хурал нь болох үеэр тэдний өгсөн хачирхалтай мэдүүлгүүд олонд ил болох нь ойлгомжтой. Ийн хэлэхийн учир сая болж өнгөрсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь олон нийтэд ил болж гайхшруулж байсан.

Өөрөөр хэлбэл, өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 17 тэрбум төгрөг хэмээн яригдаж байсан уг хэрэг шүүх хуралдаанаар Г.Дэнзэн нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь Повер” ХХК-ийг иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 5.3 тэрбум төгрөгийг "Говь Повер" ХХК-ийн данс руу шилжлүүлэн авсан гэх нэгэн шинэ хэрэг шүүх хурлын явцад олон нийтэд ил болсон. Тэгвэл Б.Гарамгайбаатар болон түүний хүү Г.Тэнгис, төрсөн дүү Г.Оюунцэцэг нар хуулийнханд ямар тайлбар өгсөн бол гэдэг нь сонирхолтой. Мөн Б.Гарамгайбаатарт яагаад дахин шинэ зүйл анги нэмэв гэдэг нь ч хачирхалтай.

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button