“Петро Чайна Дачин Тамсаг” монголчуудыг шахаж, хооронд нь талцуулж байна
Шинэ тулгар хөгжиж буй газрын тосны салбарын гол түшиц газар болох Тамсагийн хөндийд монголчууд ажлын байрны төлөө тэмцэлдэж байна. Нэг хэсэг нь багагүй хөрөнгө оруулалт хийж, нэгэнт эхлүүлсэн бизнес, ажлын байраа хамгаалахыг хичээж байгаа бол нөгөө хэсэг нь тэдний ажлын байрыг булаахыг завдаж байгаа юм. .
Дорнодын талд газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголын болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим туслан гүйцэтгэгч компанитай гэрээлэн ажилладаг. Тэдгээр компаниуд нь мөн л монгол, хятад эзэнтэй компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулдаг.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нэлээд эрсдэлтэй тул өөрсдөө хайгуул, олборлолт хийдэггүй юм гэхэд урт хугацаанд хамтран ажиллах түнш олох шаардлагатай болдог. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн ажлын байраа удаан хугацаанд хадгалахыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Учир нь зөвхөн тоног төхөөрөмж, техник хэрэгслээ зөөвөрлөхөд л маш өндөр зардал гардаг аж. Тиймээс туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниуд хамтран ажиллах гэрээгээ аль болох ахиухан хугацаагаар байгуулах сонирхолтой байдаг юм байна. Харин “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үндсэн туслан гүйцэтгэгчид тэдэнтэй гэрээг нэг жилээс илүүгүй хугацаагаар л хийж иржээ. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй зарим эрхмийн олз болж байгаа нь энэ юм. Тодруулбал, “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч Хятад талын өрмийн болон бусад өрмийн үйлчилгээний ангитай гэрээлэн ажилладаг, ажилдаа хэдийнэ туршлагажсан, ямар нэг зөрчил гаргаж байгаагүй компаниудын гэрээг цуцалж, “Баян эрхэт гүн”, “Цөм транс”, “Эко инээмсэглэл” зэрэг компанийг шинээр оруулж ирэхээр хэлцэл хийж байгаа мэдээлэл байна.
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байсан туршлагагүй эдгээр компанийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “балиашиглаж” байгаа хэмээн хардаж буй талаар “Дорнод аймгийн хүнд даацын технологийн тээвэр эрхлэгч, хөдөлмөрчдийн нэгдсэн нийгэмлэг” -ийн удирдлага хэлж байлаа.
Дээрх компаниуд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байсан эсэх, хэр туршлагатай вэ гэсэн асуултад хариулт хайж бага сага мэдээлэл олж авав. “Баян эрхэт гүн” ХХК нь 2011 онд анх бүртгүүлэхдээ гадаад худалдааны чиглэлээр зөвшөөрөл авч байсан бөгөөд газрын тосны салбарт үйл ажиллагаа эрхэлж болох зарим ажил, үйлчилгээний зөвшөөрлийг ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр авсан байх юм. Тухайлбал, авто машинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхлэх, техник хангамжийн үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлийг энэ өдөр гэрчилгээн дээрээ бичүүлсэн нь цагаан дээр хараар дурайж байна. Түүнчлэн “Цөм транс” компани нь 2010 онд “хүнд машин механизмын засвар үйлчилгээ” чиглэлээр, “Эко инээмсэглэл” ХХК нь 2015 онд “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж. Харин ажлын байраа алдах гэж буй компаниудын тухайд 2008 оноос хойш Өрөмдлөгийн-2, Өрөмдлөгийн-3 ангиудтай хамтран ажиллаж иржээ. Гэтэл хувийн хэвшил хоорондын гэрээнд төр хошуугаа дүрэх болсон байна. Хэрэв төр оролцох гээд байгаа бол монгол нь монголынхоо хоолыг булаахад оролцох биш харин гадныхныг цөөлж, аль болох олон монгол хүн Тамсагийн хөндийд зэрэгцэн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилламаар.
Өөр нэг мэдээлэл нь өнгөрсөн хугацаанд үндэсний аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагууд, нутгийн иргэд өөрсдийн хүчээр дотоод дахь зарим тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх эрх олж авсан байдаг юм байна. Уг нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хуульд зааснаар “Петро Чайна” компани нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийг туслан гүйцэтгэгчээр авах үүрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаа, үүнд гэрээний нэг тал болох Засгийн газар хяналт тавихгүй байгаа талаар “Дорнод аймгийн хүнд даацын технологийн тээвэр эрхлэгч, хөдөлмөрчдийн нэгдсэн нийгэмлэг” –ийнхэн хэлж байлаа.
2014 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Монгол Улсын аж ахуйн нэгж” гэсэн нэр томъёо байсныг хуулийг батлахдаа “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж” гээд өөрчилчихсөн байдаг. Энэ нь уг салбарт гадны хөрөнгө оруулалттай компани Монголд бүртгүүлээд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлээд өгчихсөн хэрэг. “Монголд бүртгэлтэй” гэх хятад компаниудаас гадна БНХАУ-д бүртгэлтэй компаниуд ч Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байдаг юм байна. Тэд Монгол Улсад бүртгэлгүй болохоор татвар төлдөггүй, маш их хэмжээний мөнгө гадагшаа авч гардаг гэсэн мэдээлэл байна.
Ийнхүү Тосон-Уулын 19, Тамсагийн 21 дүгээр талбайд үндэсний компаниудын гүйцэтгэж болох ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх замаар монголчуудыг хөдөлмөрийн зах зээлээс шахаж, дээр нь нэг монголын ажлыг нөгөө монголд нь шилжүүлэн өгч, хоолыг нь булаацалдуулж буй бусармаг ажиллагааг хэн, хэзээ, хэрхэн таслан зогсоох вэ?
Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж буй УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ноён Г.Нандинжаргалд тэргүүтэй албан тушаалтнуудад салбарын сайд нь ямар арга хэмжээ авах вэ гэдэгт тээвэр эрхлэгчид хариулт хүлээж байгааг уламжилъя.
Зууны мэдээ
Ч.Олдох