“Тоёота мотор” баяр наадмын ивээн тэтгэгчээр ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авай болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Цүёоши Авай “Бид 2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Юуны өмнө Үндэсний их баяр Наадмын албан ёсны түншээр хамтран ажилладаг та бүхэнд нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид энэ тал дээр татгалзах зүйлгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт “Замын хөдөлгөөний дүрэм” орсонтой  холбогдуулан ном, сурах бичиг, сургалтын материал, гарын авлага шинээр боловсруулан гаргаж батлуулах, хэвлүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулахад хамтран ажиллах саналтай байна” гэлээ.  

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчмын гарцыг сайжруулах, гэрэлтүүлгийг өөр ялгах гэрлээр хийх саналыг тухайн үеийн хотын удирдлагаас санал тавьж байсан, уг асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй хэвээр гэдгийг тодотгож байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button