С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан ШЕЗ-өөс анх удаа тайлбар хийв
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг бүтэн 18 жил шалгасны эцэст өнгөрсөн оны сүүлээр шийдвэрлэсэн. Тодруулбал С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлж ял оноосон билээ. Энэ хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оноос хойш саатуулан шалгаж улмаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш шүүж, тэднийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ оноосон билээ.
Хэрэгтний ар гэрийнхэн болоод хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 14-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн билээ. Үүний дараа хөндлөнгийн этгээдүүд байр сууриа илэрхийлж жинхэнэ алуучрдыг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон.
Түүнчлэн шүүх хурлын үеэрх болон хэрэгтэй холбоотой зарим баримтыг нийтэд ил болгохыг шаардсан. Улмаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар зарим баримтыг прокурор Ж.Сандаг-Очир ил болгосон.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн.Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээгий амьдрал энэ хэргээс болж сүйрсэн гэж мэдэгдээд Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хэлмэгдэж байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт илгээж байсан мессежүүдийг ил болгосон юм. Үүний дараагаар иргэд цахим сүлжээгээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн жинхэн алуурчдыг олсон уу гэдэг асуудлыг тасралтгүй хөндөж байгаа.
Иймээс энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анх удаа тайлбар хийж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм. Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.
Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.
Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.
Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна” гэжээ.
olloo.mn