Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.
Чуулганы үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Түлэнхийн төвийн барилгыг барихад шаардагдах хөрөнгийг хийсэн ажлынх нь гүйцэтгэлтэй тэнцэхүйцээр сайдын багцад тусгаж чадсан эсэхийг тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тайлбарласнаар бол Түлэнхийн төвийн барилгыг барихад Кувейт улс 8 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Салбарын сайдын багцад төсвийн тодотголоор 500 сая төгрөг тусгасан. Барилгын нийт өртөг 20 гаруй тэрбум төгрөг. Гүйцэтгэл нь ямар төвшинд байна вэ гэдгийг Барилгын хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч компанид нь 4.7 тэрбум төгрөг төлсөн. Ажлынх нь гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг нь шийдээд явах бололцоо бүрдэж байгаа. Түлэнхийн төвийг 2017 оны эцсээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-ОУВС-тай хөтөлбөр тохироод орж ирж байгаа Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Гэхдээ цаг алдлаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хөтөлбөр байгуулаач гэж хүссэн байтал 580 сая ам.долларын төлбөр төлөхтэй тулгаад олигтой юм тохироогүй хөтөлбөр оруулж ирсэн нь харамсалтай.
Бид 2017 оны төсвийг батлахдаа эдийн засаг 3.6 хувиар өснө гэсэн. Одоо харин бууруулжээ. Том төслүүд хөдлөхгүй юм уу, Төмөр зам яагаад явахгүй байгаа юм, яагаад тэр бэлэн байгаа Гачууртаас өөр төслүүд нь хөдөлдөггүй юм. Яагаад өмч хувьчлалыг зогсоох болов. Зээл авна, концесс авна гэж оруулж ирэхээр эдийн засгийн өсөлт 0.5 хувиас доош унана. Төмөр зам барихгүй гэж тохирсон юм уу.
Баахан хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна, тухайн ондоо хийлгүй давуулаад орж ирлээ. Тэр ондоо хийх ёстой биз дээ?.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Хэлэлцээр муу хийлээ гэж дүгнэж байна, шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ 2012 онд таныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үетэй харьцуулахад эдийн засаг маш их хүндэрсэн байгаа.
5.6 тэрбум ам.долларыг зургаан эх үүсвэрээс босгоход тодорхой хугацаа орсныг бодож үзээч. Дээр нь тохирсноосоо буцдаг байдлаас болж, ОУВС монголчуудад итгэхгүй эхний хоёр сарыг өнгөрүүлсэн.
Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөц энэ бүхнээ харж гаргасан тоо. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа.
Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн.
Түрүүчийн Засгийн газрын үед эхлүүлсэн 25.2 тэрбумын ажил 2016 онд багтааж чадалгүй үлдсэн нь 2017 он руу шилжиж орж ирж байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой.