Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн нар хэсгээ тэргүүлэн барилдана
Туркийн Анталья хотод жүдо бөхийн "Анталья-2017" гранпри өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд 36 орны нийт 274 тамирчин хүч үзэх бол манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч зодоглох юм.
Тэмцээний 60кг-д нийт 18 жүдоч барилдах бөгөөд ОУХМ Ж.Амарболд ДАШТ-ий мөнгөн медальт Казакстаны Рустам Ибраевтай, ОУХМ Б.Амартүвшин B хэсэгт Афганистаны Али Попалзайтай хүч үзнэ. Харин 66кг-д нийт 23 жүдоч өрсөлдөх бөгөөд ОУХМ Д.Төмөрхүлэг "A" хэсгийн тэргүүлэн хоёрдугаар тойрогт ОХУ-ын Е.Мгосянтай, Д.Алтансүх Азербайжан-Узбекстаны аль ялсантай барилдана.
Мөн 73 кг-д Н.Хадбаатар Хятадын бөхтэй барилдах бол 81 кг-д Н.Дагвасүрэн "А" хэсгийг толгойлон барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн Казахстан-Узбекстаны аль ялсантай барилдах аж. Мөн Г.Төрмөнх ОХУ-ын С.Семёновыг ялвал Израйлийн Асаф Чентэй барилдахаар оноолт таарчээ. 90 кг-д Г.Алтанбагана "С" хэсэгт эхний тойрогт гоц мөргөн Арабын Эмиратын Михайл Марчитантай барилдана.
Эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан Туркийн С.Озерлертай, 63-кг-д Б.Мөнгөнчимэг Туркийн М.Акденизтэй, +78 кг-д Б.Мөнхтуяа мөн улсын М.З.Каяатай, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Турк-Их Британы аль ялсантай барилдах ажээ.
Тэмцээн энэ сарын 9-ийг хүртэл үргэлжилнэ.