Хүүхдийн нэр барьж газар булаадаг Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нартай хэзээ хариуцлага тооцох вэ
Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойрны газраас улс төрчид, эрхтэн дархтан, бизнес эрхлэгчид хумсалсаар өнөөдрийг хүрчээ. Сургуулийнхаа барилгын газраас өөр газарт байхгүй сургууль олон болж байна. Гэтэл цөөхөн үлдсэн хэдэн сургуулийн газарт шунах сэтгэлтэн олон болжээ. Үүний тод жишээ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль. Тус сургуулийн 900 метр квадрат газрыг 2015 онд Нийслэлийн засаг даргын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байдаг. Гэтэл энэхүү шийдвэр нь газрын тухай хууль болон бусад хууль журмыг зөрчсөн болохыг Нийслэлийн засаг дараг С.Батболд анхааралдаа авч цуцлаад байна. Учир нь төрийн байгууллага хоорондоо газар шилжүүлэх боломжгүй юм байна. 29-р сургуулийн дээрх газар дээр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс баригдана гэж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ үүний цаана орон сууцны барилга баригдах зураг төсөл хийгдсэн байжээ. Иймээс л Нийслэлийн засаг дарга С.Батболд уг хууль бус шийдвэрийг цуцалсан гэж албаныхан мэдэгдээд байгаа. 29-р сургуулийн газрын зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас хураан авч эргүүлэн сургуулийн захиргаанд өгсөн. Энэ мэтээр сургуулийн газартай холбоотой хууль зөрчсөн маргааныг эцэслэн шийдвэрлэх Шударга ёс бүлгэмийнхэн өнөөдөр албаныханд хандлаа.
Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайханы мэдэгдэж байгаагаар бол яг дээрх 29-р сургуулийн газартай ижилхэн маргаан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж байна. Тус дүүргийн нутагт байрлах 38-р сургуулийн газраас 1700 метр квадрат газрыг нь тухайн үеийн дүүргийн засаг дарга Д.Оросоо дүүргийн засаг даргын тамгын газарт шилжүүлэн авсан байдаг. 38-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургуулийн барилгыг барих ажил үргэлжилж байгаа билээ. Гэтэл сургуулийнх нь газраас дүүргийн тамгын газар авч нутгийн захиргааны байшин барина гэж зүтгэсэн байдаг. Энэ талаар тус сургуулийн багш, ажилчид олон удаагийн эсэргүүцэл илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Иймээс энэ асуудлыг одоогийн Нийслэлийн удирдлага анхааралдаа авч ажиллахыг Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан хэвлэлийн бага хурлаараа мэдэгдлээ.
Ер нь хүүхдийн нэр барьж газар булаах оролдлогыг өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын нэр бүхий улс төрчид олон удаа хийж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордон барина гэж хэлээд газар авчихдаг. Тэгсэн хирнээ өнөөх газар дээрээ өөр зориулалтыг барилга барьдаг буруу жишиг бий. Тухайлбал Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хүүхдийн ордны хажуу талын байшинг бариулсан. Түүний энэхүү Ардчиллын өргөө гэсэн хаяг наачхаад байгаа байшин нь нэгэн төрийн бус байгууллагын нэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж авсан газар. Өнөөдөр тус барилга дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэтгэж байгаа байгууллага алга. Тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм алга. Хүүхдийн нэрээр газар булаадаг, түүгээрээ бизнес хийдэг Ардчилсан намын нэр бүхий нөхөдтэй хатуу хариуцлага тооцох цаг болсон гэж шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан мэдэгдлээ.