Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе

Хаврын чуулган нээлтээ хийв

Хаврын чуулган нээлтээ хийлээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганы нээлтээ хийдэг. Энэ удаагийн хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж үг  хэллээ. Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн хаврын чуулган юм. УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд Ерөнхийлөгч өөрийн тааллаараа оролцох эрхтэй байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс энэ удаагийн чуулганы нээлтэд онцолсон гол зүйл бол хариуцлагыг тогтолцоог сайжруулж, хариуцлагагүй ажилласан бүхэнтэй хариуцлага тооцох ёстойг сануулсан юм. Харин чуулганы нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засаг сэхээний тасгаас жирийн тасаг руу шилжиж байгааг дуулгасан юм. Иймээс жирийн тасагт шилжсэн эдийн засгаа эмчлэхийн тулд ОУВС-ийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдах шаардлага тулгарсныг дуулгалаа.
 

2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахтай холбоотойгоор зарим татварыг нэмэгдүүлж, зардал танах арга хэмжээнүүдийг төсвийн тодотголд тусгажээ. Орлого өсгөх талд зургаан төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Тухайлбал, архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар заажээ.

Төсвийн төслөөр, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь буюу хоёр их наяд 774.1 тэрбум төгрөг байхаар байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард 2017 оны төсвийн тухай хуулийг анх батлахад алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувь байхаар баталж байв. Харин хоёрдугаар сард Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орох асуудлаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсний дараа Сангийн сайд одоогийн нөхцөлд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 14.2 хувьд хүрэх төлөвтэй байгааг онцолж байсан юм. Сангийн яамны төсөөлж байгаагаар, Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага найман их наяд 789.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний33.7 хувь байхаар байна. Орлогыг 100 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, зарлагыг 200 гаруй тэрбум төгрөгөөр өсгөсөн тодотгол оруулж иржээ.

 
Нийтийн тээврийн орлого өслөө

 

Асуудал дагуулж, алдагдал хүлээсээр ирсэн нийтийн тээврийн салбар сайн мэдээлэл дуулгалаа. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч бүр энэ сарын 1-ээс картаар үйлчлүүлэх тогтолцоонд бүрэн шилжсэнээр автобус компаниудын орлого өссөн байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэгчид бүрэн картаар зорчиж эхэлснээр нийтийн тээврийн орлого 15-20 хувиар нэмэгдсэн гэдгийг албаныхан дуулгасан юм.

Өмнө нь картаар үйлчлүүлэхээс гадна бэлнээр мөнгөө төлдөг байсан. Гэвч зорчигчид мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, эсвэл урагдсан төгрөг хийх зэргээр зөрчил олонтаа гаргадаг байснаас нийтийн тээврийн салбар багагүй хохирол учирдаг байсан нь картад бүрэн шилжсэнээр дээрх сайн мэдээ дуулдсан нь энэ.

 
 “Азтай бадарчин”-ууд тодров
 
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Монголын хошин урлагийн продакшнууд шилдгүүдээ тодрууллаа. Инээдмийн баяраар хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, уран бүтээлүүдээ үзэгч олонд толилуулдаг уламжлалтай. Харин энэ жил  13 жил тасраад байсан “Азтай бадарчин” хошин урлагийн их наадмыг дахин сэргээн зохион байгууллаа. Энэхүү наадмаар “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг продакшн” зэрэг номинацийн эзнийг тодруулав.

 “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин СТА Д.Баттөмөр шалгарсан байна. Харин “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр “Шинэ үе” продакшны жүжигчин СТА Б.Отгонтуяа шалгарчээ. Түүнчлэн “Шилдэг продакшн”-аар “Макс” хамтлагийн уран бүтээлчид шалгарсан бол “Шилдэг шог зураг” номинацид шог зураач А.Бат-Эрдэнэ цомын эзэн болов.

 
П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button